Монгол орны баруун хязгаарт, Алтайн өндөр уулсын дунд орших Ховд аймаг тэртээх социализмын үеийн БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1973 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдаж байсан бол өдгөө 43 жилийн дараа 2016 оны 4 сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнуулжээ.
Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Цэвээнравдангийн Монгол улсын төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон” гардуулах ёслол дээр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа
Эрхэм хүндэт Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаа
Эрхэм УИХ, Засгийн газрын гишүүд ээ
Ихрийн сэтгэлтэй, эвийн хүчтэй Ховдчуудаа
Эрхэмсэг зочид төлөөлөгчид, ноёд хатагтай, нутгийн ахан дүүс ээ
Та бүхэндээ Ховдчуудын хөдөлмөр зүтгэл, амжилт бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлэн төрийн дээд шагнал гардуулж буй энэ билэгт сайн өдрийн мэндийг хүргэе.
Ховд нутаг бол даянд түгсэн Монгол улсынхаа түүхтэй хамт дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн түүхийн яндашгүй их далай бөгөөд Алтайн өндөр сүрлэг уулс, өргөн уудам их говь, тал, хөндийнүүд, ус ихт олон гол, нуурууд нэгэн дор цогцолсон үлэмжийн тансаг, үзэсгэлэн төгөлдөр, үржил шимт, эх дэлхийн нэгэн сайхан диваажин болсон газар орон бөгөөд энэ сайхан нутагт Монголын язгуур олон овог, аймаг, угсаатны бүлгүүд нүүдлийн соёл иргэншил, зан заншил, язгуур өв соёлыг уламжлан хөгжүүлж яваа түүхт нутаг, хүн зон, хүй элгэн билээ.
Бидний өвөг дээдэс үеийн үед Монгол улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эрх чөлөө, газар шорооны төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж явсан баатарлаг дайчин, шантаршгүй хөдөлмөрч уламжлалтай бөгөөд Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын анхны хэтийг цахиж, галыг асаасан нутаг, хүмүүс бол Ховд нутаг, манай аймгийн ард иргэд ээ.
Олон овог, угсаатны бүлгүүдийн оюуны бядтай, сэтгэлийн хаттай, авьяас билэгт хөдөлмөрч ард иргэд маань Монгол улсынхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд цаг ямагт ажиллаж, бидний дундаас дэлхийн хэмжээний бахархам түүхт хүмүүс, Монгол улсын төр, засгийн газрын тэргүүнүүд, улсын болон хөдөлмөрийн баатрууд, эрдэмтэн мэргэд, алдартан гавьяатнууд олноор төрөн гарсан нутаг бол Ховд аймаг аа.
Манай аймгийн ололт, амжилт, хөдөө аж ахуйн салбарт гаргасан хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1973 онд БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнаж байснаас хойш 43 жилийн дараа дахин амжилт бүтээлээ төр, засгаараа үнэлүүлж төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнагдаж байна.
Төрийн эрхэм дээд шагналаар аймаг шагнагдаж байгаа нь Монгол улсын төр, Засгийн газрын дэмжлэг, манай аймгийн үе үеийн удирдлагуудын сэтгэл, зүтгэл, хамтын ажиллагаа, нийт ахмадууд, дунд залуу үеийнхэний хөдөлмөр, зүтгэлийн үнэлэмж бөгөөд манай аймгийн бүх ард иргэдийг шагнасан төрийн их хүндэтгэл гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Эрхэм нөхөд өө
Ховдчууд бид байгаль газар з¿йн онцлог, байршилын давуу тал, боломж нөөцөө оновчтой ашиглан, олон овог угсаатны бүлгүүдийн уламжлалт ёс заншил, нүүдлийн соёл, язгуур урлагаа өвлөн хөгжүүлж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэн, иргэдийнхээ оролцоо, мэдлэг, оюуны чадавхыг дайчлан, эрүүл биетэй, саруул ухаантай, бүтээлч иргэдийнхээ эв эеийг эрхэмлэн, аймгийнхаа өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлтийг хангаж, Монгол улс, баруун бүс нутгийн хөгжилд тэргүүлэх
оролцоотой, хүн амьдрах таатай орчинтой, үйлдвэрлэл бизнест ээлтэй, ногоон хөгжлийн загвар аймаг болох эрхэм зорилго дэвшүүлэн шамдан ажиллаж байна.
Ойрын жилүүдэд аймгийн эдийн засаг эрчимтэй өсч, бүтээн байгуулалтын олон ажлуудыг хийж, хэрэгжүүлэхийн зэрэгцээ нийгэм, байгаль орчны салбарт ч мэдэгдэхүйц ахиц дэвшлүүд гарч иргэдийн төрж өссөн нутагтаа олуулаа ажиллаж, амьдрах таатай орчин улам бүр сайжирсаар байна.
Аймгийн хүн амын тоо жил дараалан өсч 83.517 болж өмнөх оныхоос 2038 хүнээр нэмэгдсэн бол сүүлийн 3 жилд 5068 хүнээр өсөөд байна. Хүн амын дундаж наслалт 2015 оны эцэст72-д хүрч Ховдчууд улсын дунджаас 2.2 насаар урт насалж, мэргэжлийн эмч, багш нараар бүрэн хангагдаж сургуулийн насны нийт хүүхдүүдийн 99 хувь, цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн 87 хувь нь боловсролын үйлчилгээнд хамрагдан элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор улсад 3-р байранд орсон амжилттай байна.
Манай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засаг сүүлийн 4 жил дараалан 18 хувиас дээш өсөж, боловсруулах үйлдвэрийн эзлэх хувь хэмжээ огцом нэмэгдлээ, 2.9 сая толгой малтай болж, газар тариалангийн салбарт нэгжээс авах ургацын хэмжээг үлэмж нэмэгдүүллээ.
Аймагт нийгэм, соёл, спорт, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэр, худалдаа үйлчилгээ, орон сууцны олон барилгууд эрчимтэй баригдаж 2400 гаруй айл төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон орон сууцтай болж, сүүлийн 4 жилийн дотор 1028 айлын орон сууц шинээр ашиглалтанд орж иргэдийн тав тухтай, тохилог орчинд амьдрах нөхцөл улам бүр сайжирч байна. Ховд хот цаашид тэлж хөгжих инженерийн шугам сүлжээ, суурь асуудлуудаа бүрэн шийдлээ.
Манай аймагт улсын төсөв, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн санхүүжилтээр нийтдээ 1000 км хатуу хучилттай авто зам баригдаж хөдөөгийн 16 сумаас 9 сум нь хатуу хучилттай замаар холбогдсон төдийгүй 2700 гаруй метр урт бүхий 48 иж бүрдэл гүүртэй болсны 42 нь төмөр бетон гүүр байгаа зэрэг нь зам тээврийн том боломж бүрдсэн, цаашид Алтайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, Â ОХУ-Монгол-БНХАУ болон Торгоны зам-Алс дорнотын худалдаа арилжааны гол замуудын дундах бүс нутгийн таталцлын төв, улс хоорондын зам тээвэр, логистик, худалдааны чухал зангилаа болж хөгжих боломж бүрдээд байна.
Манай аймаг нийт газар нутгийнхаа 32 хувийг улсын тусгай хамгаалттай, 19 хувийг орон нутгийн хамгаалттай газар нутгийн сүлжээнд оруулсан төдийгүй мянганы хөгжлийн зорилтуудыг бүрэн хангах чиглэлд ч амжилттай ажиллаж байна.
Эрхэм хүндэт нутгийн ард иргэд ээ
Бидний ажиллаж буй энэ үед Монгол улсад төдийгүй дэлхий дахинд эдийн засаг, мөнгө санхүүгийн ихээхэн хүндрэл бэрхшээлтэй мөчлөг тохиолдсон, амаргүй он жилүүд байгаа хэдий ч Бид хамтдаа чадна гэж итгэл өвөрлөн ажил амьдралдаа ахиц дэвшил гаргахын төлөө цаг нартай уралдан зүтгэж бахархам амжилтад хүрсэн малчид, тариаланчид, ногоочид, үйлдвэрлэгчид, замчид, барилгачид, нийт баялаг бүтээгч иргэддээ болон баг болж нэгэн сэтгэлээр хамтран ажилласан аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид, аймгийн ЗДТГ-ын хамт олон, нийт сум, баг, байгууллага, төрийн албан хаагч нартаа баяр хүргэж, амжилт бүтээлийг хүсэн ерөөе
Төр засаг, аймгийнхаа бодлого шийдвэрийг дэмжин хамтран ажилладаг нийт ахмад буурлууд, оюутан залуучууд, хүүхэд багачууд, нутгийн нийт иргэддээ гүн талархал илэрхийлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
Бидэнд шийдсэн асуудал, хийсэн ажил, хүрсэн үр дүн их байна. Цаашид ч хийх ажлууд, шийдвэрлэх асуудлууд ч цөөнгүй байна.
Эрхэм хүндэт нөхөд өө
Ховдчуудын эх орныхоо хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө улсын тэргүүний аймаг, бүс нутгийн хөгжлийн тулгуур, таталцлын төв болон эрчимтэй хөгжиж буйг Монгол улсын төр, засаг өндрөөр үнэлж төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнасанд нийт ард иргэд, хөдөлмөрч зон олныхоо өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлэхийн ялдамд бид бүхэн эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө улам ихээр хичээн хөдөлмөрлөх болно гэдгээ Монгол төрийн тэргүүн, эрхэм ерөнхийлөгч танд уламжлан илэрхийлж байна.
Монгол төрийн эрхэм дээд шагнал Ховдчууд бид бүхний хийж бүтээх үйлсэд улам их урам зориг өгч, хөгжил дэвшилд хөг нэмнэ гэж билэгшээж байна, бас алдар гавьяа, нэр төрийг дааж явах том хариуцлага ирж байгааг ч гүнээ мэдэрч байна.
Эрхэм нөхөд өө
Ховдчууд бид ирээдүйн хөгжлийнхөө суурь бодлогуудыг тодорхойлон “аймгийн урт хугацааны хөгжлийн хөтөлбөр“ “хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлого”, “Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” зэрэг бодлогын олон чухал баримт бичгүүдийг батлан, улсынхаа бодлоготой хамтатган хэрэгжүүлж байна.
Цаашид бид бүхэн өмнөх жилүүдийн ололт амжилт, сайн нэр хүндээ улам баталгаажуулж, аймгийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан бодлогын зорилтуудаа бодитоор хэрэгжүүлжХовд аймаг-Монгол улсын хөгжлийн баруун үүд, бүс нутгийн таталцлын төвболж хөгжинө гэдэгт итгэл төгс байна.
Төрөлх аймаг маань жилээс жилд цэцэглэн хөгжиж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт улам эрчимжиж, залуу үеийнхний жавхаа бадарч, идэрчүүдийн бүтээл арвижиж, ахмадуудын буян заяа тэгширч, айл бүрийн гал голомт мандан бадарч, Ховдчууд минь үеийн үед зол жаргалтай, тэгш дүүрэн байхыг ерөөл дэвшүүлье.
Хан Алтайн тэнгэр эцэг таалж
Газар эх шимээрээ тэтгэж явах болтугай