Өмнөд хөршийн төрийн тэргүүн шашин, боловсрол хоёрыг тусгаарлах, мөн шашны байгууллагууд Хятадын үндэсний хэв маяг, ёс заншилд хүндэтгэлтэй хандах ёстой гэдгийг өнгөрсөн сарын сүүлээр болсон Коммунист намынхаа бага хурал дээр мэдэгджээ.Си Зиньпин БНХАУ-ын дарга болсноосоо хойш ийнхүү шашны талаар хатуу чанга бодлого хэрэгжүүлж буй. Улс төрийн хатуу дэглэмтэй тус улс ийнхүү дотооддоо шашны асуудалд анхаарлаа хандуулж, тодорхой, цэгцтэй бодлого явуулж байна. Харин манайд шашны талаархи тэнцвэртэй, зөв, зохистой, тодорхой бодлого алга. Тиймээс Мүүнээс эхлээд харийн шашны олон янзын урсгал, номлолууд Монголд чөлөөтэй нэвтэрч байна. Тэр тусмаа бага балчир хүүхэд багачуудыг ухаан орохоос нь эхлээд шашны үзэл номлолоор тархийг нь угаан хүмүүжүүлдэг, мөн залуусыг шинжлэх ухааны үзэл онол бус шашны сургаалаар цэнэглэдэг боловсролын байгууллагууд ч олноор бий болов. Ийм нөхцөлд монгол хүний оюуны дархлаа, үндэсний хэл, соёл, ёс заншил, боловсролын шинэчлэл, зөв монгол хүүхэд энэ тэр гэж ярих нь даанч хоосон хуурамч зүйл болж хувирч байна.
Хэчнээн эрдэм, мэдлэгтэй, авьяас билэгтэй байгаад тэр хүүхэд харийн шашны сургаалд гүн автчихсан бол ямар монгол хүн байх юм бэ.Мүүнийн сурталд автаад амь насаа алдатлаа тархиа угаалгасан монгол залуус, зүсийг нь огт хараагүй гадаад хүмүүстэй зургаар гэрлэсэн монгол охид, амьдаараа булшны нүхэнд хэвтэж “дахин төрсөн” бишрэгчдээс монгол сэтгэлгээ, монгол ёс заншил, ахуй, соёлыг олж харж чадах уу. Монголчууд бид дэлхийн гол гурван шашин болох Буддын, Христосын, Исламын шашнуудыг аль алийг нь шүтдэг. Тэр дундаас Христын шашны хориотой, гаж буруу, хатуу урсгалууд ч манайд орж ирсэн. Үнэн алдартан, католик, протестант, евангали, баптист, адвентист, лютеран, пентокост, мормон, иеговын гэрчүүд зэрэг урсгалууд бүгд л Монголд өөр өөрсдийн орон зайг эзлэн, нөлөөллөө тэлж байна. Аливаа шашин ийнхүү өөрийн итгэгчид, шүтэн бишрэгч сүсэгтнүүдийн хүрээг тэлэхийг эрмэлздэг. Ингэхдээ хүүхэд багачуудын оюун санааг хордуулж, боловсролын салбарт хөл гараа шургуулахыг хэрхэвч хүлээн зөвшөөрч боломгүй санагдана. Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд христийнхэн шашны номлол сургаалтай зурагт ном тараасан явдал саяхан гарсан. Яах аргагүй хүүхдүүд харийн шашныхны нэг гол объект болоод байгаа нь энэ мэт олон жишээнээс харагддаг. Түүнчлэн оюутан залуус ч гэсэн гадны шашны байгууллагуудын нөлөөлөл, хүрээгээ тэлэх гол зорилтот бүлэг болжээ. Ингэхдээ тэд боловсролын байгууллагыг шашныхаа сүм, цуглааны газар болгон ашиглаж байгаа нь хамгийн хорлонтой. Ийнхүү шашин бидний үндэсний дархлааг сулруулж, ирээдүй хойчийн эзэн болсон хүүхэд, залуусыг маань эрхшээлдээ оруулж байна. Тухайлбал, олон улсын Улаанбаатарын их сургууль нэртэй нэгэн сургууль бий. “Нарантуул” захын хойт талд байрладаг энэ сургууль “Итгэл-Найдвар-Хайр” гэсэн уриатай. Тус сургууль “Эрхэм зорилгоо итгэл, найдвар, хайрыг хэрэгжүүлнэ. Хүний амьдралын амжилт бүхэн итгэлцэл дээр суурилдаг. Тиймээс бид оюутнууддаа хүмүүнлэг, ёс зүйн боловсрол олгож, ямар ч зовлон бэрхшээлийг даван туулж чадах хүсэл мөрөөдөлтэй, бусдыг хайрлаж халамжлах сэтгэлтэй, итгэл хүлээсэн зөв иргэн бэлтгэх зорилго тавин ажиллаж байна” хэмээн тодорхойлсон байдаг юм билээ. Энд эрдэм мэдлэг, боловсрол, монгол ёс заншил, өв уламжлал, хэл соёлыг дээдлэх, өвлөн хөгжүүлэх талаар ямар ч үг үсэг байхгүй байгааг анзаарав уу. Их сургууль гэдэг сургалт, эрдэм шинжилгээний төв байх ёстой болохоос биш итгэл, найдвар, хайрыг бэхжүүлэх, зовлон бэрхшээлийг даван туулж чадах хүсэл мөрөөдөлтэй, бусдыг хайрлах сэтгэлтэй, итгэл хүлээсэн иргэн бэлтгэнэ гэхээр ямар үйл ажиллагаа явуулна гэсэн үг вэ. Мэдээж ёс зүй, хувь хүний төлөвшил, зан харилцаа зэргийг их сургууль хөгжүүлж таарна. Гэхдээ энэ нь эн тэргүүнд тавих зорилго биш. Олон улсын гэх тодотголтой их сургуулийн эрхэм зорилго ийм байна гэхээр яах аргагүй шашны сургалттай гэж хардахаас аргагүй. Хэвлэлээр тус сургуулийг ингэж хардсаар, шүүмжилсээр ирсэн. Солонгосын хөрөнгө оруулалттай энэ сургууль 2013 онд хичээлийн шинэ жилийн нээлтээ “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хойно байрладаг “Гэгээрэл” нэртэй христиин сүмд хийсэн нь шинээр элсэгчдийнх нь дургүйцлийг төрүүлж, тухайн үед зарим өдөр тутмын сонин болон сайтууд энэ талаар сурвалжилж байсан байдаг юм.Олон нийт хардах эрхтэй. Тиймээс Солонгосын хөрөнгө оруулалттай, солонгос удирдлагатай “Улаанбаатар” сургуулийг шашны үйл ажиллагаа явуулдаг гэж хардсаар ирсэн. Энэ мэтээр боловсролын байгууллага гэдэг сайтар далдалсан сайхан нэрийн дор шашны сургалт, үйл ажиллагаа бүү явагдаасай билээ. Ямар шашин шүтэх нь тухайн хүний эрх ч гэлээ түүнийг боловсролтой хольж хутгаж огт болохгүй. Харин их, дээд сургуулиа төгссөний дараа, өөрөөр хэлбэл бие хүний үзэл бодол, байр суурь бүрэн төлөвшсөн хойноо тухайн хүн аль нэг шашин шүтэх сонголтоо хийх нь чөлөөтэй. Боловсролын байгууллага шашны үйл ажиллагаа, шашны нөлөө, үзэл сурталд ямар нэг хэмжээгээр холбоотой байна гэдэг нэг ёсондоо оюун, сэтгэлгээний хүчирхийлэл. Эрдэм мэдлэг, боловсрол олгоно гэж залуусыг оюутнаар элсүүлчихээд гуя дагуулж хүзүү гэдэг шиг хавсарга маягаар шашны суртал ухуулга хийгээд байж яавч болохгүй. Ер нь шашны суртал ухуулгыг соёлтой, зөв боловсон байдлаар, хүний эрхийг хүндэтгэж, түүнчлэн улс үндэстний соёл, зан заншил, уламжлалт ахуй халдан довтлохгүйгээр хийх ёстой.
Христийн шашинтай учир Цагаан сар тэмдэглэдэггүй монгол залуусын тоо нэмэгдэж, хуримлахдаа сүмд очин загалмай хэрээсэнд мөргөж адислуулдаг, бурхан болоочоо үдэхдээ хүртэл монгол ёсоо үл тоодог болсноос гэр бүл, ах дүүс, хамаатан садны дотор үл ойлголцол хагарал үүсч байгаа жишээ ч цөөнгүй. Энэ бүхэн бол харийн шашин монгол дархлааг сулруулахад хүрч байгааг харуулж байна. Ийм буруу бусармагийн үр хөврөл боловсролын салбарт “бойжих” ёсгүй. Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучууд эрүүл саруул сэтгэлгээтэй, шинжлэх ухааны мэдлэгтэй, үндэснийхээ бахархал, хэл соёл, өв уламжлалыг дээдэлсэн хүмүүс болж өсч төлөвшихийн оронд аль нэг шашны номлол сургаалд сохроор итгэсэн мухар сүсэгтнүүд болох юм бол юутай эмгэнэл вэ.
эх сурвалж: unen.mn