Өнөөдөр Анагаах ухааны доктор, хатагтай Н.Удвалын бичсэн ‘’Эвийн судар’’ номын нээлт ‘’Аз хур’’ номын дэлгүүрт морин цагт болох юм байна. Энэхүү номоороо зохиогч гадаад дотоодын олон зуун эрдэмтэн мэргэд бол улс төр нийгмийн зүтгэлтнүүдийн байр суурь, онол дээр тулгуурлан ‘’Эв эеийн эш ухаан’’ буюу ‘’Шударга журам’’-ын онолыг боловсруулан гаргажээ.
Түүнчлэн Монгол хүн бүр нийтлэг эрх ашиг, үнэт зүйл дээрээ эвлэлдэн нэгдэж, эх орноо эвийн аргаар аврах Эвийн 35 эрдэм-ийг хүргэхээр зорьсон байна. Уг номын өмнөтгөлд бичихдээ, ‘’Эрдэм эрдмийн дээд эв нэгдэл. Монголчууд эрт дээр үеэс Эвтэй байхдаа хүчтэй гэсэн итгэл үнэмшлийг тээж ирсэн ард түмэн бөгөөд эвтэй байхын үндэс нь шударга ёс болохыг ч танин мэдэж байв.
Шударга, үнэн, мэргэн, нэр төртэй, тогтвортой, хүчтэй төр нь үндэсний эв нэгдлийн оргил болж, төр ард түмний бат бэх амин холбоо тогтдог байжээ. Нэгэнт дэлхийн талыг эзэлж байсан агуу түүхтэй эх орон минь өнөөдөр ардууд нь ажилгүй, орлоггүй, бага цалинтай мөртөө хамгийн өндөр амьдралын өртөгтэй, хамгийн аз жаргалгүй, хамгийн их сэтгэлийн хямралтай, улс орон нь өрөнд баригдсан, улс орны тусгаар тогтнол болон ард түмний амьдралын аюулгүй байдал ихээхэн алдагдсан орон болжээ.
Бид алджээ. Эрх мэдлээс үүдэлтэй эдийн засгийн хямрал, үзэл онолгүйгээс үүдэлтэй улс төрийн хямрал, ёс суртахууны уналтаас үүдэлтэй нийгмийн хямрал, мөнгийг шүтсэнтэй үүдэлтэй үнэт зүйлийн хямрал, олзоо булаацалдсантай үүдэлтэй эв нэгдлийн хямрал нүүрлэсэн’’ гэдгийг дурьджээ.
Уг номын нээлтэнд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцох бөгөөд уг номыг мялааж үг хэлэхээр төлөвлөж байгаа гэнэ.