“Их 7”-гийн орнуудын Сангийн сайдууд болон Төв банкны ерөнхийлөгч нарын уулзалт Японы хойд нутгийн Сэндай хотод боллоо. Энэхүү уулзалт нь энэ сарын 26-27-нд болох “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтыг угтсан томоохон хэлэлцүүлэг болсноороо онцлог юм.
Түүнчлэн цаг үеийн асуудал , оффшор дансны хэргийг ч сөхөн хэлэлцжээ. “Панамын баримт бичиг”-ийн дуулиан энэ удаагийн хурлын нэгэн гол сэдэв байв. Талууд татвараас зайлсхийхтэй тэмцэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэйг харилцан тохиролцсон байна.
Японы “Киодо” агентлагийн мэдээлснээр энэ сарын 26-27-нд болох “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрт хууль бус хөрөнгийн эсрэг тогтолцоог бий болгох шаардлагатайг Сангийн сайдууд зөвшөөрсөн байна. Мөн мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл солилцох улс орнуудын хамтын ажиллагааг идэвхижүүлэхийг уриаллаа.
Сэндайн уулзалтын үеэр “Их 7”-гийн орны Сангийн сайдууд терроризмийг санхүүжүүлэх асуудлыг урьдчилан сэргийлэхийн тулд хамтран ажиллахаар тохиролцсон байна. Энэхүү шинэ үйл ажиллагааны төлөвлөгөөнд банкны гүйлгээ болон бусад арга хэмжээнд тавих хяналтыг чангатгаж, алан хядагчдын санхүүгийн дэмжлэг авах боломжийг нь таслан зогсоох зэрэг багтжээ. Энэхүү баримт бичиг нь уулзалтын хоёр дахь өдрийн гол үйл явдал байсан юм. Уулзалтыг даргалсан Японы Сангийн сайд Таро Асо “Бид терроризм, террорист үзэл суртлын тархалтыг тэмцэх тухай үйлдлийг урьдчилан сэргийлэхийн тулд хүчин чармайлт гаргана.
Терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэхэд манай бүлгийн орнуудын хувьд ач холбогдол өгдөг. Баримтыг 2016 он дуусахаас өмнө батлах болно” гэжээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын тунхаглалд авлигатай тэмцэх, олон нийтийн худалдан авах ажиллагаанд ил тод байдлыг хангах тухай заалт багтсан байна.