О.Цэнгэл: Урлагийн хүний тэсвэр хатуужлыг Д.Мэндбаяр эгчээс олж харсан

  “…Миний ээж настай хүн Хайртай ээждээ очих юмсан…” хэмээн дуулангаа ээжийнхээ хөргийг бодлогошронгуй үнэрлэх кадр хэдхэн хоногийн дараа нээлтээ хийх “Ээж” киноных. Хүмүүсийн сэтгэл зүрхэнд хамгийн ойр байдаг эх хүний тухай өгүүлэх киноны гол дүрд Монгол Улсын Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай тогложээ. Түүнтэй энэхүү кинонд хамтран тоглож шигтгээ болсон нэгэн дүрийг бүтээсэн жүжигчин О.Цэнгэлтэй уран бүтэлийнх нь талаар ярилцлаа. Мэргэжлийн жүжигчин биш ч тэднээс дутахааргүй Монголын үзэгчдэд бүтээсэн дүрээрээ танигдсан тэрбээр энэ удаад Навчаа хэмээх эгэл жирийн бүсгүйн дүрийг бүтээжээ. О.Цэнгэл МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийг төгссөн ч кино, тэр дундаа дэлгэцийн урлагт хүчээ сорьж яваа жүжигчин билээ. Түүний тоглосон “Сайн уу, амьдрал минь 1,2”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”, “Хамтран амьдрагч”, “Эр хүн болгож өгөөч”, “Хүсэл” зэрэг уран сайхны киног үзэгчид андахгүй.

132_500x500335513871201601270420

-Удахгүй нээлтээ хийх гэж буй “Ээж” кинонд бүтээсэн дүрийнхээ талаар сонирхуулна уу?

-Эх хүн үрийнхээ төлөө ямар их зүйлийг золиосолж, тулгарсан бэрхшээлийг дотоод хүч чадлаараа хэрхэн даван туулж байгаа, монгол ээж гэж чухам хэн юм бэ гэдгийг харуулахыг зорьсон бүтээл бол “Ээж” кино юм. Энэ кинонд би гол дүрийн хүүгийнх нь хайртай бүсгүйн дүрд тоглосон. Хайр сэтгэлийнхээ төлөө үнэнч байж, өмнөө тулгарсан бэрхшээлүүдийг даван туулж байгаа хүчтэй эмэгтэйн дүр бүтээхийг хичээсэн. Би мэргэжлийн жүжигчин биш ч Монголын алтан үеийн уран бүтээлчидтэй энэ кинонд хамтран ажилласандаа баяртай байна. “Ээж” кинонд Монгол Улсын Ардын жүжигчин Д.Мэндбаяр эгчтэй хамтран тоглосон. Түүнээс гадна Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Д.Бямбацогт, Г.Золбоот, Ч.Алтан-Өлзий зэрэг жүжигчинтэй хамтран тоглож их зүйл сурлаа. 1980-аад оны үеийг харуулсан, түүхэн сэдэвтэй кино болоод ч тэр үү монгол ахуйгаа сайн мэддэг уран бүтээлчид манай кинонд тоглолоо. Дээрээс нь бид зураг авалтын үеэр нэг өрөөнд байрлаж байсан болохоор уран бүтээлээс гадна олон зүйлийн талаар ярилцаж хөгжилтэй өдрүүдийг өнгөрүүлсэн. Ахмад уран бүтээлч, Ардын жүжигчин хүн дүртэйгээ яаж ажилладаг, зохиолоо яаж задалж уншдагаас эхлээд тэр мундаг хүмүүсээс сурах зүйл надад маш их байлаа.

-Та энэ кинонд тоглосноор ямар шинэ мэдлэг олж авав?

-Д.Мэндбаяр эгч өндөр настай хүн учраас зураг авалтын үеэр хэцүү л байсан байх. Гэхдээ “Ядарч байна” гэж нэг ч удаа хэлээгүй. Харин ч залуу уран бүтээлчид тэгж хэлж байхад Д.Мэндбаяр эгч тэсвэр хатуужилтай байсан нь надад жүжигчин мэргэжлийн онцлогийг ойлгоход тусалсан. Зүүнбаянд нэг сарын хугацаанд киноны зургийг авахад нэг ч удаа ямар нэгэн шалтаг, шалтгаан тоочиж байгаагүйгээс жүжигчин хүн урлагт зүтгэсэн олон жилийн хугацаанд ямар их тэсвэр хатуужилтай болдгийг харж үлгэр дуурайл авч байлаа. Д.Мэндбаяр эгч нэг хэсгийн зураг авалт дуусахад дараагийнхыг нь асууж, зохиолоо шууд уншаад эхэлдэг юм билээ. Нэг сарын хугацаанд жүжигчин Д.Мэндбаяр гэхээсээ дутахгүй Ханд гэдэг эгэл жирийн ээжтэй нэг сар хамт амьдарч, ажилласан.

-Киноны нэг хэсгийг харахад нэлээд хүнд зураг авалтуудыг хийсэн юм шиг санагдсан. Ер нь зураг авалтын хугацаанд дүрээсээ гарч чадахгүй байсан үе бий юү?

Snapshot_2015-07-17_1257232505192432015-07-17-13-00[www.urlag.mn]_1

-Зураг авалтын өмнө ярилцаж, инээж хөөрч байсан уран бүтээлчид ажлаа эхлэхээр зарим тохиолдолд юу ч дуугарахгүй байх жишээтэй. Тийм болохоор хүнд хэцүү зураг авалт байсан ч өөрийгөө дүр дээрээ сайн ажиллаж чадсан байх гэж бодож байна. Ер нь би дүрээ мундаг сайн бүтээсэн гэж хэлэхгүй. Гэхдээ Цэнгэл шал өөр хүн болж Навчаа шиг болно гэвэл хэцүү. Ер нь найруулагч ч гэсэн жүжигчинд дүр өгөхдөө тэр хүний зан чанарыг харж байж тохирсныг оноодог гэж боддог. Өөрөөр хэлбэл, Цэнгэлийн зарим зан төрх Навчаад байдаг л гэсэн үг. Үүнд тулгуурлаж энэ хүн кинонд тоглож болох юм байна гээд сонголт хийсэн байх. Тэгэхээр тухайн зураг авалтад яаж жүжиглэх, яаж үнэн голоосоо уйлах, айж байгаа хүн ямар үйл хөдлөл үзүүлдэг, сандарсан хүн ямар үйлдэл хийдэг вэ гэдэгт илүү анхаарч ажилласан. Ер нь би өөрийгөө дүрээ 70 хувь амьдруулж чадсан гэж бодож байна. Үүнийг үзэгчид дүгнэх байх.

-Та өмнө нь сэргэлэн цовоо, хөгжилтэй нэгний дүрийг бүтээдэг байсан. Харин энэ удаагийн дүр таныг өмнөхөөс өөрөөр харуулж чадсан гэж бодож байна уу?

-Би өөрийгөө амар хөнгөн кинонд тоглоогүй гэж боддог. Зүгээр л хайр сэтгэл, инээдмийн кино гэхээсээ илүү драмын бүтээлд тоглох сонирхолтой. Тийм киног ч сонгож тоглодог. Нэг үгээр хэлбэл, илүү ажиллагаатай кино зохиол дээр ажилладаг. Би мэргэжлийн жүжигчин биш. Одоо хэчнээн кинонд ч тоглохыг мэдэхгүй учраас чанартай бүтээлд оролцохыг хичээдэг юм. “Ээж” кинонд инээж хөөрсөн дүр бүтээгээгүй. Зовж шаналсан, уйлсан хэсэгт түлхүү тоглосон. Дээр нь олон зүйлийн талаар ярихаас илүү бусад дүрийг бодвол яриа багатай дүр болсон. Ерөнхийдөө нүүрний хувирилтай тоглосон дүр гэж хэлж болно.

-Жүжигчний мэргэжилтэй олон уран бүтээлч байхад яагаад таныг Навчаагийн дүрд тоглуулсан юм бол. Ер нь энэ талаар найруулагч, киноны зохиолчоосоо сонирхон асууж байв уу?

-Намайг чадна гэж бодоод л сонгосон байх даа. Найруулагч маань өмнө нь “Эр хүн болгож өгөөч” киноны нээлтэд ирж, үзээд надад баяр хүргэж байсан юм. Тэр үед найруулагч “Энэ хүнтэй хамтарч ажиллана” гэсэн бодол тээсэн юм шиг байна лээ. Түүнээс хойш жилийн дараа энэ киноны саналыг надад тавьсан. Надад “Чи пробонд ор” гэж ч хэлээгүй. Нэг удаа дуудахаар нь очсон чинь шууд киноны зохиол өгсөн. Тухайн үед хамтарч ажиллах уран бүтээлчдээ хараад шоконд орж, “Би чадах болов уу” хэмээн эмээж байлаа.

-Сүүлийн үед кино бүтээж байгаа хүмүүс олон улсын наадамд уран бүтээлээ сорьдог болжээ. Танай киноны тухайд?

-Манай киног хийхдээ олон улсад нэр хүндтэй кино наадмуудад оролцох төлөвлөгөөтэй зураг авалтаа хийж эхэлсэн. Киноныхоо нээлтийг хийсний дараа олон улсын кино наадамд өрсөлдүүлэх бодолтой байгаа юм шиг байна лээ. Яг ямар кино наадамд оролцуулах талаар надад мэдээлэл алга.

6_500x500366880054201508281024

-Асуултын сэдвийг бага зэрэг өөрчилье. Та мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?

-Би утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Ном бичих, өөрийн гэсэн ток шоутай болох төлөвлөгөө надад бий. Цахим ертөнц хөгжсөн байна. Мэргэжлээрээ ажиллахын тулд заавал нэг газарт харьяалагдах шаардлагагүй болжээ. Нэг камер, студитэй байхад л фэйсбүүк, твиттерийг ашиглаад өөрийн нэвтрүүлэг хийгээд цацах боломжтой болсон байна. Тиймээс энэ тал руугаа ажиллая гэсэн бодолтой байгаа. Цаашдаа хоёр гурван жил кинонд тоглох байх л даа. Тиймээс “За боллоо” гэж шийдсэн үедээ мэргэжлээрээ ажиллана гэсэн бодолтой. Хамгийн гол нь сэтгүүлч хүн нас, үзэл бодлын хувьд нэлээд боловсорсон хойноо хэн нэгнээс ярилцлага авна. Илүү мэдээлэлтэй байж үзэгчдэд олон зүйлийг хүргэж чадна шүү дээ. Тийм болохоор би ток шоунд ажиллах сонирхолтой байгаа. Тэр дундаа ярилцлагын нэвтрүүлэг.

-Бидний ярьж заншсанаар Эх үрсийн баяр хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Та энэ өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Би хүүхэд байхдаа МҮОНРТ-д “Цоглог” хөтөлбөрийг хөтөлдөг байлаа. Тэр нэвтрүүлгийг бараг найман жил хөтлөхдөө зургадугаар сарын 1 бидний хувьд хамгийн ачаалалтай үе байсан. Учир нь, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Үндэсний соёл амралтын хүрээлэн, Ерөнхийлөгчийн гэр эсвэл студидээ олон хүүхдийн дунд бужигнаж өнгөрүүлдэг байв. Одоо энэ баярт нэг их ач холбогдол өгдөггүй. Хэрвээ чадах юм бол сайн үйлсийн аян өрнүүлэхийг хүсдэг. Дараа жил энэ баяраар олон хүнийг хамруулсан сайн үйлсийн аян зохион байгуулах зорилготой байна. Мэдээж хүүхэдтэй байсан бол энэ өдөр хүүхдээ баярлуулна л даа.

-Тайзны бүтээлд өөрийгөө сориод үзэх бодол танд бий юү?

-Тайзны бүтээлд тоглох бодол ерөөсөө байхгүй. Урлаг цензуртэй байх шаардлагатай. Тайзан дээр заавал мэргэжлийн уран бүтээлч гарах ёстой. Жишээлбэл, жүжигчин О.Дөлгөөн Жульеттагийн дүрийг бүтээж байна. Хүмүүс “Чи яагаад Жульетта болж болдоггүй юм бэ” гэж асуудаг. Гэхдээ театр босго өндөртэй байх ёстой. Энэ бол миний хувийн л бодол. Тийм болохоор би мэргэжлийн бус хүн учраас театрт тоглох бодол байхгүй. Кинонд тоглож байгаа хүний хувьд түүхэн сэдэвтэй уран бүтээлд тоглоод үзчих юмсан гэсэн бодолтой явдаг юм.

-Уран бүтээлд тоглох шинэ санал ирсэн үү?

-Нэг санал ирсэн ч тоглох эсэхээ шийдээгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

www.unen.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …