П.Батсүх: Хүү заазуурдуулсан ч “Би бөх болно оо” гэж хэлсэн. Мундаг хүү шүү

 batsukh emch ee Сүүлийн өдрүүдэд ээжийнхээ өврөөс салаагүй нялх үрсийг томчууд харгис хэрцгийгээр зодсон, хүчирхийлсэн бүр заазуурдсан ч хэрэг гарсан нь нийгэмийг зочирооход хүргэлээ. Хүүхдийг амар тайван амьдрах эрхээр хангах, хүүхдийн эрхийг хамгаалах асуудал хурцаар тавигдаж буйг хүмүүс дор дороо ярилцаж, анхаарал тэдний зүг хандуулахад хүргээд байна.

Тавхан настай хүүгээ зэрлэгээр зодож, биеийг нь мэсээр зүсэж, заазуурдсан хэрэг олныг сэрдхийллээ. Олон жил архи ууж агсам согтуу тавьж, эхнэрийгээ, гурван бяцхан үрээ хайр найргүй зодож, тарчлаач байсан эр нөхрийн, гэр бүлийн хүчирхийлэл дарамтыг нэгэн залуухан эмч олонд дэлгэн тавьсан юм. Энэ сарын 10-ны өдөр тавхан настай хүү мэст зэвсгээр аавдаа яргалуулж, нурууруугаа заазуурдуулсан хэргийн дуудлагын дагуу очсон Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн их эмч П.Батсүх өөрийн “facebook” хуудаснаа харгис хэрцгий аавын хүүдээ үзүүлсэн хүчирхийллийг фото зураг, видо бичлэгийн хамт тавьсан нь гэр бүлийн аймшигт хүчирхийлэл ил болсон юм.

“Хүүд яаралтай тусламж үзүүлж боолт хийж цус тогтоож байхдаа миний хоолой зангираад ерөөсөө болдгүй, Хүүгээс яаж байна миний хүү өвдөж байна уу, гэхэд тийм хүнд шархтай гэмтэлтэй хэрнээ дажгүй, би том болоод бөх болно оо гэж хариулаад намайг уйлуулах дөхсөн хэрнээ өвчин намдаах тариа хийх гээд тариур гаргаж ирэхэд айж уйлав, хүүхэд юмдаа” хэмээн хоолой чичрүүлэн ярих залуухан цагаан халаадтай энэ залууг Пушкины Батсүх гэдэг. Түүнтэй уулзаж болсон явдалын талаар ярилцлаа. Тэрээр ЭМШУИС-ийг төгсөөд хоёр жил болж буй залуухан эмч.

-Таван настай хүү аавдаа харгис хэрцгийгээр зодуулсан аймшигт хэрэг олныг зочирдууллаа. Та хүүхдэд анхны тусламж үзүүлж, хэргийг олонд дэлгэн тавьсан. Болсон явдлын талаар ярилцая. Анх хэргийн дуудлагыг хэдэн цагт өгсөн бэ, Өдөр байсан байх аа?

-Манай түргэн тусламжийн төвд 10-ны өдрийн 15:00 цагийн үед “Хүүхэд заазуурдууллаа” гэсэн дуудлага авсан. Төвд дуудлага аваад, Баянзүрхийн товчоон дээр цагдаа хүлээж байгаа тосож уулзая гэсэн дуудлагын дагуу очсон. Тэгээд хэсгийн цагдаатай хамт айлд очсон. Айлд очиход хүүхэд зодуулсан, миний пост илгээсэн зургийг үзсэн байх. Хүүхэд тийм л байдалтай байсан. Зодуулж гэмтсэн, зүсүүлж цус гарсан шархтай байсан. Нэн түрүүнд хамгийн яаралтай боолт хийж, шархийг цэвэрлэж янзалж, эмчилгээ хийсэн.

Энэ үед хүүг ийм болгосон эцгийг нь авч явсан. Тэр үед хүүхдийг эмнэлэг рүү авч явж байхдаа цагдаагаас “Энэ хүнийг одоо саатуулна биз дээ” гэж асуухад “Тиймээ саатуулна” гэж хэлээд аваад явсан. Гэрт хүүгийн ах, дүү хоёр нь үлдсэн юм. Хүүд түргэн тусламж үзүүлээд Цэргийн төв эмнэлэг буюу Госпитальд хүргэж өгсөн. Тэгээд би дараа дараагийн дуудлагуудадаа явсан. Маргааш нь харин ээлжнээсээ буучихаад, ерөөсөө бодогдоод, санаа зовоод болдоггүй. Аав нь эргээд суллагдсан болов уу, хүүхдүүд нь яасан бол гэсэн санаа зовсон үүднээс цагдаагийн байгууллагаас асуухад “Мэдэхгүй, юм алга аа” гээд мэдээлэл өгөхгүй байсан учраас нэмэргүй юм байна, энэ асуудлыг орхиж болохгүй юм байна гэж бодоод  “Facebook” хуудастаа тавьсан.

5 nastai huu -Заазуурны ир хүүгийн нуруунд их гүн зүсэгдсэн байсан уу?

-Нэг биш маш олон зүсэгдсэн. Хамгийн том шарх нь тэр зурган дээр цус нь гарчихсан байгаа.

-Оёо тавьсан уу?

-Шархийг цэвэрлээд, боолт хийгээд анхны тусламж үзүүлсэн.

-Хүү тантай машинд явж байхдаа ярилцсан байдаг?

-Бичлэгэн дээр байгаа зүйлийг л ярьсан. Би “Миний хүү яагаад ингээд аав нь зодоод байдаг юм” гэхэд. “Аав намайг зоддог. Байнга ингэж зоддог” гэсэн. Тэр хүү надад итгээд л ярж байгаа байхгүй юу. Хүү бол ер нь маш их зоригтой хүү дээ. “Хүүг миний хүү яаж байна, өвдөж байна уу” гэхэд маш их шархтай өвдсөн байсан ч “Өө дажгүй ээ, би бөх болно оо” гэж байгаа байхгүй юу. Хэдий өвдөж байсан ч тийм л зоригтой байна шүү дээ.

-Хүүхдийг эмнэлэгт хэдэн хоног хэвтүүлээд гаргасан юм бол?

-Госпитальд хүлээж авсан. Бид хоёр хоногийн дараа очиход гарсан байсан. Шаардлагатай тусламжийг үзүүлээд, эмчилгээ хийлгээд тэр өдрөө гарсан юм шиг байгаа юм. Гэрт хоёр жаахан хүүхэд үлдсэн, тэгээд ээж нь ганцаараа учраас эмнэлэгт хүүг харах боломж бас бага байсан байх.

Хүү цэцэрлэгт явдаг уу?

-Гэрээр л байдаг юм билээ.

-Ээж нь юу ярьж байх юм?

-Хүүд туслах санаа бол ээжээс нь үүсэлтэй. Ээж нь энэ бол арай хэтэрлээ бид яах уу, нэг өдөр алчих бол уу, эмчээ туслаач, цагдаа цэргийлэхэд нь хэлээд өгөөч гэсэн үүднээс олон нийтэд энэ мэдээллийг дэлгэсэн. Түүнээс юу юугүй, битгий гэхэд нь мэдээллийг дэлгэчихсэн зүйл биш л дээ.

-Цагдаа нар яагаад аавыг нь сулалчихав?

-Би энэ талаар ямар нэгэн мэдээлэл алга.

-Хүүхэд сэтгэл зүйн хувьд ямар байсан бол, мэдээж хүнд байгаа байх?

-Би танд хэлсэн, мундаг хүү гэж, зоригтой хүү. Тэр их хэцүү зүйлийг давчаад тийм тайван, санаа зовсон зүйлгүй, хүмүүсээс айж барьсан юмгүй их тайван хүү. Мэдээж зочиролд орсон.

-Хүүгийн ах, дүү хоёрыг гэмтэж бэртээсэн байсан уу?

-Том ахад нь хазуулсан, шарх сорив бол байсан. Цагдаа нар түүнийг баталгаажуулж эд мөрийн баримт болгож авсан байх. Бага охин тэжээлийн дутагдалтай, найман сартай байхад нь аав нь ална гээд тогоо руу шидэлж байсан гэсэн.

-Төрийн бус байгууллагууд хүүхдүүдэд туслахаар нэгдээд байна. Хандивын аян зарласан. Ямар тусламж үзүүлэх бэ?

-Сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар,  “Лантуун тохио”, “Хамтын халуун сэтгэл” төрийн бус байгууллагын залуус нийлээд үнэхээр туслаж чадаж байгаа. Сайхан сэтгэлтэй, сайн залуучууд. Энэ хүрээнд “Хүүхэдэд ээлтэй хөрш” хандивын аяныг зохион байгуулахаар болсон. Хүүхдүүд аав гэртээ битгий эргэж ирээсэй гэдэг бодолтой, байр суурьтай байгаа. Би ч гэсэн аав нь битгий гэртээ очоосой гэж бодож байна.  Эхний ээлжинд хүүхдүүдийг тэр амьдарч байгаа газраас нь холдуулья гэсэн бодолтой байгаа. Гэр орон тааруу. Ээж нь хүүхдийн мөнгө цуглуулж байгаад тэр мөнгөөрөө гэр авсан гэж байсан. Энэ тал дээр Баянзүрх дүүргийн Засаг дарга туслана уу гэдэг асуудлыг тавих гэж байна. Баянзүрх дүүргийн Засаг даргаас шууд хамаарах асуудал юм. Хандах гээд 300-400 хүний гарын үсэг зуглуулчихсан байгаа. Туслах байлгүй дээ гэж бодож байна.

Мөн Facebook  twitter хэрэглэгчид хүүгийн нэр дээр хандивын данс нээгээд ажиллаж байгаа. Хандивын дансны мэдээллийг цахим хуудсаар ил тод байлгахаар, өдөр болгон дансны хуулгыг аваад мэдээллээд байх юм. Заазуурдуулсан хүүгээ эхний удаад эмчлэх, өвчнийг нь анагаах арга хэмжээ авна. Мөн аавынх нь хэргийг шүүхээр шийдвэр гаргатал хүүхдүүдийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв халамжиндаа авах ёстой гэсэн саналтай байгаа. Ээжийг нь ажлын байртай болгох, цаашид хүүхдүүдээ асарч хамгаалахад нь туслах арга хэмжээ авья гэдэг бодолтой ажлаа эхлүүлээд байна.

Хүүхдүүдийг, ээжтэй нь хамт эмнэлэгт үзүүлээд эрүүл мэндийн оншлогоонд оруулья, тус тусад нь зохих эмчилгээг нь хийлгүүлье гэж ярьж байна.

Бага насны хүүхдийн эрхэд халдах, гэмтээх хэрэг сүүлийн үед их гарах боллоо? Танай төвд энэ төрлийн гэмтлийн ч юм уу дуудлага ирдэг үү?

– Энэ болсон явдалтай төстэй зүйл их байдаг. 14-15 настай охидууд хэзээний архичин тамхичин болчихсон. 10 настай хүүхэд архи яах аргагүй архи уучихсан байдаг. Эцэг эх нь бас архичин. Ядуу эсвэл хөдөөний гэх тодотголтой бага насны охидыг хүчирхийлэх, тэднийг биеийг нь үнэлүүлэх дарамтлах, согтоож байгаа хүчиндчихээд хотын захад аваачаад хаяцан байх зүйл бараг хэвийн үзэгдэл шахуу болчихсон тохиолдол маш олон байна. Тэд ч тэр амьдралдаа хутгалдаад ирээдүйд бий болох аймшигт хүмүүсийн суурь нэмэгдсээр л байна. Тийм орчинд өссөн хүүхдүүд ямар хүүхэд болох уу ойлгомжтой шүү дээ. Нийгэмд ийм зүйл маш их болжээ. Ямар үр тарина тийм үр хураана гэдэг шүү дээ. Тийм учраас бид л хойч үедээ анхаарах тавихгүй бол хэн тавихбэ. Түүнээс энэ хүүг ингэчихсэн байна шүү дээ гээд орхих нэг хэрэг шүү дээ. Дахиж ийм зүйл гарахгүй байх нь чухал.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …