Ж.Цолмонг зүтгүүлж, бусдыг нь буцаахаар болжээ

a275de_MPA_PHOTO_2016-0197_x974

УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН Засгийн газраа эмхлэн байгууллаа. Гэхдээ шинэ Засгийн газрын бүтэц батлагдсан ч, бүрэлдэхүүн нь 100 хувь биш байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өргөн барьсан Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч сайшаагаагүй бөгөөд, МАН-ын бүлгийн гишүүд нь ч бүрэн дүүрэн дэмжсэнгүй. Учир нь Засгийн газрын гишүүдийг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд тодруулж, бүлэгтээ танилцуулах байдлаар хэлэлцүүлсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл нэгэнт тодруулсан нэрээ ёсчилсон төдий.

Тиймдээ ч үнэмлэхүй олонх буюу 65 гишүүнтэй МАН-ын бүлэг Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлаар хоёр ч удаа өргөтгөсөн хуралдааныг хийсэн юм.

Удаа дараа болсон бүлгийн хуралдааны уур амьсгал ч ширүүн байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг томилох асуудалд нууцаар санал хураалт явуулах хүсэлт гаргасан ч, намын удирдлагуудын зүгээс эсэргүүцсэн байна.

Ингэснээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын 11 гишүүний нэрийг УИХ-д өргөн мэдүүлж, шуурхай горимоор батлуулав.

Харин Барилга, хот байгуулалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Эрүүл мэнд болон Эрчим хүчний сайдад нэр дэвшигчдийн нэрийг энэ долоо хоногт өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн Д.Өнөрболор, Ц.Анандбазар, Ц.Цэнгэл болон Ж.Цолмон зэрэг нэр дэвшигчийн материалыг буцаасан. Ингэхдээ Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Д.Өнөрболор нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгтээ өөрийн үүсгэн байгуулсан ХХК-ийг мэдүүлээгүй байжээ.

Мөн түүний нөхөр, ээж болон дүү нар нь барилгын материалын худалдаа, барилгын засвар, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, орон сууцны түрээс, интерьер дизайн зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий найман компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар тус тус бүртгэлтэй байсан аж. Энэ нь түүний очихоор горилж буй салбарт нь ил ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ хэмээн үзсэн байна.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Ц.Анандбазарын хувьд үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан компани нь газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн түүний төрсөн дүү нь гадаад худалдаа, газар тариалан эрхлэх, мод, модон болон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван компанитай болох нь тогтоогдсон байна.

Үүнээс гадна сайдад нэр дэвшигч Ц.Цэнгэлийн эхнэрийг Дарханы шугам сүлжээг хувьчилж авсан,Ж.Цолмонг охиндоо эм, эмнэлгийн чиглэлийн компаниа шилжүүлсэн гэж үзэж, ийнхүү татгалзжээ.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг эцэслэхээр товложээ. Өөрөөр хэлбэл, салбарын сайд нь тодроогүй Барилга, хот байгуулалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Эрүүл мэнд болон Эрчим хүчний яамны сайдыг тодруулна.

Ингэхдээ Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Ж.Цолмонг дахин зүтгүүлэх бол Д.Өнөрболор, Ц.Анандбазар болон Ц.Цэнгэл нарын оронд өөр хүн дэвшүүлэхээр тогтсоныг эх сурвалж мэдээлж байна. Түүнчлэн яамдын дэд сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрийг энэ долоо хоногт багтаан тодруулахаар болсон байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …