МАН-ын Удирдах зөвлөлөөс 13 хүнийг дэд сайдад дэвшүүлээд байсан хэдий ч Засгийн газрын хуралдаанаар 10 дэд сайдыг томилсон. Хаалганы гадна үлдсэн гурван сайдын тухайд, Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвшүүлсэн Г.Тэнгэр, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшүүлсэн Т.Аубакир, Барилга хот байгуулалтын дэд сайдад нэр дэвшүүлсэн М.Батбаяр нар юм.
Дээрх гурван дэд сайдыг томилоогүй шалтгааныг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр хэлэхдээ тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар буюу ажлын цаг дуусах үед АТГ-аас 10 хүний ашиг сонирхлын зөрчилтэй эсэх лавлагааг ирүүлсэн байсныг хэлэлцсэн. Үлдсэн гурван сайдын лавлагааг АТГ-аас ирүүлэх үү, ирүүлж амжаагүй юу гэдгийг Засгийн газар мэдэхгүй байна” гэсэн хариултыг өгч байсан юм.
Тэгвэл АТГ-аас дэд сайдад нэр дэвшсэн дээрх гурван хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ. Тодруулбал, нэр дэвшээд байсан М.Батбаяр, Г.Тэнгэр, Т.Аубакар нарыг томилоход ашиг сонирхлын зөрчил үүсч болох тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэсэн албан хариуг Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна.