УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэрээ : “Ардчилсан дүрмийн шинэчлэл, үзэл баримтлалын талаар хоёр сарын хугацаанд үндэсний хэлэлцүүлгийг хийх ёстой. Хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүргээр хийх ёстой. Наймдугаар сарын 25-нд товлосон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар Ардчилсан намын даргыг сонгохыг эсэргүүцэж байна. Тийм учраас хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлүүлж байна” гэлээ.
Мөн тэрбээр “Ирээдүйн Ардчилсан нам ямар байх ёстой вэ гэдгээ гишүүд, дэмжигчидтэйгээ ярилцмаар байна. Аймаг, дүүрэг бүрт маргаашнаас очиж хүмүүстэй уулзана. Ардчилсан нам сонгуульд ялагдсан олон шалтгаан бий. Хамгийн том ялагдал хүлээсэн гол шалтгаан нь сүүлийн найман жил Ардчилсан намыг удирдсан хүмүүс намын гишүүддээ үзэл санаа, үнэт зүйлийн талаар нэг ч удаа яриагүй.
Тэр ч бүү хэл баруун, зүүн гэж битгий ярьж гэж загнадаг байсан. Ардчилсан нам таван фракцын нэгдэл, таван өөр байх ёстой гэж загнадаг байсан. Үүнээс болж үзэл санаагүй, үнэт зүйлгүй болсон. Ийм нам бол үхсэн хүнтэй л адил. Ийм үзэл санаагүй байдал нь сонгуульд ялагдах гол шалтгаан болсон.
Тиймээс шинэчлэл хийхээр зорьж байгаа юм бол үзэл санааны шинэчлэлийг хийх ёстой. Үзэл санаа зарчмаа илүү тодорхой харсан шинэчлэл рүү явах ёстой гэж би үзэж байна.
Ардчилсан намын ялагдлын бас нэг шалтгаан нь фракц нэртэй чөтгөрийн тойргоосоо сүүлийн 10 жил салж чадаагүй. Нэг фракц нь нөгөө фракцаа ялахын тулд, нөгөөх нь нэгийгээ дийлэхийн тулд дотроо дайтсаар өрсөлдөгчдөө ялагддаг.
Фракцын талаар бодлого гаргах ёстой. Фракцын зодооныг тас цохисон цоо шинэ дүрэм журмыг гаргах талаар бодлого боловсруулж байна.
Мөн Ардчилсан нам сүүлийн 10 жил цус сэлбэхээ байж, шударга гишүүдээ намаасаа хөөдөг болсон. Дундговийн Мөнхбаяр шиг, Дарханы Наранбаатар шиг шударга, зарчимтай залуусыг гадуурхдагаасаа болж Ардчилсан нам ялагдсан.
Намд гадуурхагдсан, мөнгө өгөөгүйнхээ төлөө нэр дэвшиж чадаагүй, фракцад хамрагдаж чадаагүйнхээ төлөө гадуурхагддаг Ардчилсан намын гишүүдээсээ уучлалт гуймаар байна.
Наймдугаар сарын 25-нд болох Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд фракцын дарга нар оролцоод, Ардчилсан намын даргыг сонгох гэж байна. Ийм байдлаар сонголт хийвэл нам шинэчлэгдэж чадахгүй” гэсэн юм.
Эх сурвалж: Dorgio.mn