Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засаг хямарч, улсын мөнгө санхүү шавхагдсан тухай үнэнийг ард иргэдэд дэлгэсэн. “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй” гэгчээр Сангийн сайдын дээрх мэдэгдлийг Ардчилсан намынхан ихэд буруушааж, эхнээсээ мэдэгдэл хийгээд эхэллээ. Мэдээж өнгөрсөн дөрвөн жилд явуулсан Ардчилсан намынхны алдаатай бодлогын улмаас л өдгөө ийм байдалд хүрчихээд буй нь маргашгүй үнэн. Нөгөө талаас улсын хөрөнгө, бондын мөнгийг үр ашиггүй зарцуулсны харгай одоо илэрч буй нь энэ.
Тиймээс цаад утгаараа Ардчилсан намынхныг шүүмжилсэн Б.Чойжилсүрэнгийн мэдэгдэлд АН-ынхан ихэд сандралдаж байна. Өдгөө Монгол Улсыг өр зээлэнд баригдуулж, өндийхөд тун хэцүү болгосон Ардчилсан намынхан Ардын намынхныг “Стэндбай” хөтөлбөрт шилж шахаж буй. Энэ нь шууд утгаараа өр зээлээ төлж чадахгүй болсон улсыг гаднын санхүүгийн байгууллага, түүний мэргэжилтнүүд удирдаж, хянана гэсэн үг юм. Арга мухардсан үед л гэхээс стэндбай ямар олиг байхав, өөр хүнээр өөрийнхөө мөнгийг бариулчихаад одоо чи ингэ, одоо чи тэг гээд явж байх нь мэдээж ичгэвтэр хэрэг. Ардын намынхан Ардчилсан намынхны хүлээлгэж өгсөн улсыг энэ хүнд байдлаас гаргах боломж бололцоог хайж байгаа. Харин Ардчилсан намынхан МАН-ыг зүгээр л “идүүлэхгүй” гэсэндээ “стэндбай” хөтөлбөрийг сонго хэмээн явцуу атаархлаар хандаж байгаа гэнэ. Тэгвэл Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдэгдлийг АН-ын удирдлагууд үгүйсгэж, “тэнэг мангар”-аар нь дуудсан ч нийтлэлч Баабар нам нь бондын мөнгийг үр ашиггүй зарцуулсныг хэлээд хэдий тийм ч ингэж ил цагаан мэдэгдэж болохгүй байсан юм хэмээн амьдралд ихэд ойрхон жишээгээр тайлбарлав.
Юутай ч, бондын мөнгийг үр ашиггүй зарцуулсан нь үнэн. Харин үүнийг АН-ын үгүйсгэж байгаа нь өнгөрснөө мартсан уу гэлтэй. Чингис бондын мөнгөнөөс ганц боинг онгоц авснаас өөрөөр үзүүлэх харуулах зүйлгүйгээр энэ бондын 1.5 тэрбум ам.долларыг үр ашиггүй зарцуулсныг АН-ын дарга, УИХ-ын дарга асан З.Энхболд нэгэнтээ хүлээн зөвшөөрч байсан.
Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахлах зөвлөх асан Б.Батбаяр буюу Баабар бондын мөнгөнүүдийг үр ашиггүй зарцуулсан нь үнэн гэдгийг хэлж, баталлаа.
Төгс