“Рио-2016″ зуны олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр өчигдөр “А” хэсэгт Кубын бөх Хосе Арментеростой учраа тааран барилдсан. Аваргын хувьд гурав дахь олимпдоо зодоглож байгаа бөгөөд Кубын бөх Хосе Арментеростой 2015 оны Астанагийн ДАШТ-д учраа таарч юүко үнэлгээгээр Н.Түвшинбаяр ялж байсан билээ. Харин энэ удаа Кубийн бөх юүко үнэлгээгээр ялснаар манай бөх тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Хоёр бөхийн барилдааны шүүлтийг Японы шүүгч Акинобу Осака шүүсэн ч манай Монголчуудын хувьд шүүлтэд алдаа гаргасан гэж үзэн, цахим ертөнцөөр дамжуулан эсэргүүцлээ илэрхийлж эхлээд буй. Тухайлбал, Японы сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан дараахь мэдэгдлийг хийсэн юм. Энэхүү мэдэгдэлд “Энэ Японы жүдо бөхийн шүүгч нь Монголын тамирчиныг буруу шүүж хохирол учруулж байна! Энэ нь гурав дахь удаагаа! Уучилмааргүй! Ямар нэг өөр зүйл цаагуураа болоод байх шиг байна!” гэх утгатай юм. Мөн тэрээр Монголын эрх ашиг байвал хаана ч хэлнэ, Япон шүүгч дандаа манай эсрэг ажиллаж байна гэлээ.
Монголчуудын хувьд жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн Д.Сумьяа, М.Уранцэцэг, Н.Түвшинбаяр нарыг Японы шүүгчийн алдаатай шүүлтээс болж хасагдсан гэж үзэж байгаа юм.