“Рио-2016” олимпийн наадмын үеэр WADA буюу Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг гэнэтийн шалгалт хийж, сэргээшийн шинжилгээ байнга авсаар байна.
Олимпийн тосгонд байрлаж байгаа албан ёсны албан хаагчид тамирчдын байранд нэвтэрч мандатыг нь шалгаж гэнэтийн байдлаар шинжилгээ авч байна. Урьдчилсан байдлаар хэнээс авахыг нь хэлэхгүйгээр шууд тамирчдын өрөөнд орох, хоолондоо орж байхад нь, тосгон дотор явж байхад нь гээд ямар ч тохиолдолд шууд дагуулж яван шинжилгээ авч байгаа аж.
Монголын жүдочдоос гэхэд тэмцээний өмнө есөн жүдочоос сэргээшийн шинжилгээ авсан хэмээн жүдо бөхийн шигшээ багт эмчээр ажиллаж байгаа эмч П.Бат-Очир ярьсан байна.
Риогийн дэвжээнд зодоглосон Монголын багийн 43 тамирчинд зургаан хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг ажиллаж байгаа юм.
Дашрамд дуулгахад, Хятадын усан сэлэлтийн тамирчнаас допинг илэрсэн байна. Харин энэ тамирчин үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд сэргээшийн дахин шинжилгээнд орохоор болсон ч түүнийг тэмцээнээс хасах магадлал өндөр байгаа юм.
Нинж