Монгол Улс дампуурч буйгаа дэлхий даяар “ТУНХАГЛАВ”

m7oml2obug6hbps63es531sq0

 

“Монгол Улс эдийн засгийн гүн хямралд орсныг Сангийн сайд нь мэдэгдлээ”, “Монголын Сангийн сайд тус улсад өр төлөлтийн дефолт нүүрлэснийг хүлээн зөвшөөрөв”, “Б.Чойжилсүрэн Монголын Засгийн газрын өр таван тэрбум долларт хүрснийг дэлгэжээ”, “Монголбанкны мэдэгдэл тус улсаас гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж эхлэв”, “Монголын өрийн бичиг найдваргүй зээлийн зэрэглэлд шилжиж болзошгүй”, “Б.Чойжилсүрэн Монгол Улс эрүүл мэнд, батлан хамгаалах салбараа санхүүжүүлж чадахгүйд хүрэх аюул нүүрлэсэн гэв”.

“Монголын Сангийн сайд тус улсын төсвийн алдагдал 2.6 тэрбум доллар буюу ДНБ-ий 21 хувьд хүрнэ гэв”, “Монголын Засгийн газрын Евробондын ханш зургаан жилд үзэгдээгүйгээр огцом унав”, “Монголын төгрөг дэлхийн 140 үндэсний валютаас ханш уналтын хурдаараа эхний гуравт бичигдэх боллоо”, “Хөгжиж буй орнуудын өрийн бичгүүдээс Монголынх үнэгүйдлээрээ рекорд тогтоов”…

“Bloomberg”, “Business Insider”, “Financial Times”, “Wall Street Journal” гээд дэлхийн тэргүүлэх бизнес, эдийн засгийн мэдээллийн бүхий л хэрэгслээр өнгөрсөн долоо хоногийн турш манай орны тухай иймэрхүү таагүй мэдээлэл олноор цацагдсан билээ.

УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж төрийн эрх барих болсон МАН-ын мэргэжлийн гэгдсэн Засгийн газар өнгөрсөн хоёр сар шахам хугацаанд хийсэн анхны томоохон “ажил” нь дэлхий даяар улс орноо дампуурч буйг тунхаглан зарласан явдал болох шив. Уг нь эсрэгээр, хямралыг даван туулах арга замыг тодорхойлсон хөтөлбөр боловсруулж танилцуулах учиртайсан. Улс оронд нүүрлэсэн хямралтай бүхий л нөөц бололцоог ашиглан тэмцэхийн оронд шууд цагаан туг өргөн бууж өгдөг ийм Засгийн газраас ойрын дөрвөн жилд ард түмэн чухам юу хүлээх болж байна аа.

Хоёрхон өдрийн зөрүүтэй шинэхэн Монголбанкны захирал, Сангийн сайд хоёр нь телевизээр болчимгүй мэдэгдэл хийсний дараа дэлхийн үндэсний валют дотор манай төгрөг, улс орнуудын зээлийн бичгүүдээс манай бонд үнэгүйдлээрээ тэргүүн эгнээнд бичигдэх боллоо.

Тэртээ тэргүй дэлхий даяар хэдэн жилийн турш эдийн засгийн байдал таагүй байгааг ард түмэн мэдэхийн дээдээр мэдэж л байгаа. Манай улс дэлхийн нэгээхэн хэсгийн хувьд ямар нэг хэмжээгээр үүнд өртөж буйг ч ухамсарлаж буй шүү дээ.

Сангийн сайд улсынхаа Засгийн газрыг 22.5 тэрбум ам.долларын өртэй гээд пал хийтэл хэлчихдэг юм байна. Гэтэл үүнээс яг Засгийн газрын төлөх өр дөрвөн тэрбум ам.доллар аж. Монголын өр ДНБ-ий гуравны нэгд хүрчихжээ гээд уйлах нь холгүй мэдэгдэх юм. Тэр нь тэгээд бүр дааж давшгүй, төлөх чадваргүй болж дефолт зарлах түвшинд хүрээгүй л тоо. ДНБ-ээс хол давсан өртэй орон АНУ, Японоос авахуулаад бишгүй л бий. Гэтэл тэд улс орноо дампуурсан гэж нэг ч удаа хэлээгүй санагдах юм.

Монгол банкны ерөн­хий­лөгч улсаа валютын нөөцгүй болчихсон гэлээ. Гэтэл 1.3 тэрбум ам.доллар буюу 6-7 сарын импорттой тэнцэх хэмжээний нөөцтэй үлдээсэн тухай Ардчилсан намын дарга асан З.Энхболд хариуцлагатайгаар хариу мэдэгдэж байх жишээтэй.

Дээр нь хямралтай энэ үед ард иргэдэд маш их дэм болж эхэлсэн “Сайн хашаа”, “Сайн малчин”, “Сайн оюутан” зэрэг хөтөлбөрүүдийг зогсоож төсвийн алдагдлыг багасгахаас өөр аргагүй гэх юм. Уг нь дээрх хөтөлбөрүүдийг төсвөөс хэзээ ч санхүүжүүлээгүй, Засгийн газрын баталгаатайгаар Монголбанк арилжааны банкуудтай хамтран санхүүгийн эх үүсвэр олон хэрэгжүүлж байжээ.

“Barclays Plc”-ийн олон улсын зээлийн стратегич Аванти Сэйв дээрх хоёр мэдэгдлийн талаар ярихдаа, “Монголын Засгийн газар дефолт зарлах юм уу, бүтцийн өөрчлөлт хийхийг эрмэлзэж буй гэж үзэхгүй байна. Шинэ Засгийн газар зүгээр л өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг харлуулахын тулд байж болох бүхий л муу мэдээг нэг дор мэдээлэх шиг боллоо” гэжээ. Гадныхан хүртэл дээрх хоёр мэдэгдэл ямар зорилго агуулсныг тэр дор нь шууд ойлгож буйн олон тод жишээний нэг бол энэ.

МАН төрийн эрхийг авсны дараа иргэд тус намын дарга Засгийн газраа толгойлно гэж харж байлаа. Гэтэл тэрээр дараа жил Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэсэн нэрийдлээр хямралтай энэ үед ачааны хүндийг үүрэн өөр дээрээ хариуцлага тохохоос эвтэйхэн бултчих шиг болсон.

Шинэхэн Засгийн газар ирээдүйн алдаа дутагдлаасаа урьдчилан сэргийлэхдээ өмнөх Засгийн газар руу бүх бурууг чихэх тактик баримталснаар өөрийгөө төдийгүй улс орны эдийн засгийг араасаа татан хүнд байдалд оруулчихав уу даа. Мэргэжлийн гээд байсан Засгийн газар эхнээсээ л мэргэжил байтугай мэдлэг маруухнаа харуулан цөөнх болсон ч УИХ-д бүлэгтэй сөрөг хүчний шүүмжлэлд ямагт өртөн  “ухамсрын шанаа” авч байх төлөвтэй. Тэгэхгүй бол үнэндээ ямар ч санаачлага, бодлого, эр зориггүйгээ эхнээсээ харуулж буй ийм Засгийн газар хол явахгүй ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …