Ж.Эрдэнэбат: Хэмнэж, тэвчиж болох бүх зардлыг хасч бууруулна

527-1471246940mo2016081506033.jpg
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар Засгийн газрын үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөөний талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт ойрын үед хамрагдах уу? 
-“Олон улсын валютын сан” /ОУВС/ жил бүр улс орнуудын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөхөөр ирдэг. Энэ ажлын хэсэг маргааш Монголд ирнэ. Тэд манай улсын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөх байх.
Мөн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк ажлын хэсэг ирүүлж хамтран ажиллаж, зөвлөмж зөвлөгөө өгнө гэж ярьсан. Бид тэдэнтэй хамтран ажиллана. Өмнө ч бид эдийн засгийн хямралаас гарахад хамтран ажиллаж туслалцаа авч байсан.
-Ажил болгох ТЭЗҮ алга гэж Ерөнхий сайд мэдээлсэн. Өнөөдрийг хүртэл хийж байсан ТЭЗҮ нь яасан юм бэ? 
-Ганц нэг ТЭЗҮ байна. Жишээ нь V цахилгаан станц. Гэтэл барих газар байхгүй, борлуулалтын орлогодоо нэг мкв-ийг хэдээр үнэлэх нь тодорхойгүй. Үүнээс болоод гацчихсан.
Хоёрдугаарт Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам байгаа ч Хятадын талын төмөр замтай зөрсөн байгаа. Хийгдсэн ТЭЗҮ нь ийм байгаа учир цаашид заавал сайжруулах шаардлагатай.
-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудлаар комисс байгуулагдсан байсан. Дүгнэлт гарсан уу? 
-Ажлын хэсэг гарсан. Одоогоор ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын чуулган дээр танилцуулах болно.
-Төсвийн тодотголын талаар мэдээлэл өгнө үү? 
-Төсвийн тодотголыг боловсруулж байгаа. Удахгүй бид өргөн барина. Төсвийн тодотголын хүрээнд зайлшгүй шаардлагатай зарлуудыг оруулах, зарим үйл ажиллагааг хойшлуулах гэх мэтээр ажиллаж байна.
Хэрэв төсөв энэ байдлаар үргэлжилбэл төсвийн алдагдал ДНБ-ний 21 хувьтэй тэнцэнэ. Тийм учраас энэ алдагдлыг бууруулахын тулд тэвчиж болох зардлаа хасах танах гэх мэт зүйлсийг төсвийн тодотголд тусгаж байна.
-Нэг ам.доллар 2200 төгрөгт хүрлээ. Үүний шалтгаан нь юу вэ? Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хэрхэн ажиллах гэж байна вэ? 
-Хэд хэдэн учир шалтгаан бий. Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд тодорхой хэмжээний валютыг зах зээлд нийлүүлж байна. Гэхдээ 2013 онд валют огцом өсч байсан. Тухайн үед “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 3 орчим их наяд төгрөг хэвлэж гаргасантай холбоотой байдаг.
Тэгвэл энэ байдал өнөөдөр давтагдаж байна. “Сайн” хөтөлбөрүүд, ипотекийн зээлийн хүрээнд 1 их наяд төгрөг хэвлэж гаргасан. Ингэснээр төгрөгийн нийлүүлэлт нэмэгдэж, валютын эрэлт бий болсон. Цаашдаа Монголбанктай хамтарч ханш тогтворжуулах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа.
Бид валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх ёстой. Сүүлийн хэд хоногийн дотор дэлхийн зах зээл дээр нүүрс, алтны үнэ өсөх хандлага ажиглагдаж байна. Энэ нь валютын нөөц нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх байх.
Хоёрдугаарт, Гадны хөрөнгө оруулагчдыг татах, Монголд оруулж ирэх үүднээс Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлнэ, тэдний эрх ашгийг хамгаална. ЗГХЭГ-ын дэргэд Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах зөвлөл байгуулагдсан байгаа.
Мөн олон Элчин сайдуудтай би уулзалт хийсэн. Нэг л зүйлийг ярьж байна. Өмнө нь хэрэгжүүлсэн, хийсэн ажлынхаа төлбөрийг хэзээ гүйцэтгэж дуусгах вэ гэдгийг асууж байна. Тиймээс хэрэв өмнө нь Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчид захиалаад гүйцэтгэсэн ажил байвал өр төлбөрийг нь нэн даруй барагдуулахаар Төсвийн тодотголд оруулна.
Ингэснээр Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ. Хоёрдугаарт гадаад харилцааны хүрээнд хийгдсэн гэрээ хэлэлцээрийг хурдан хэрэгжүүлдэг байх чиглэлийг Засгийн газрын гишүүддээ үүрэг өгч байна.
-Б.Чойжилсүрэн сайдыг мэдээлэл хийсний дараа гадны хөрөнгө оруулагчид үргэлээ гэж байсан. Бодит байдал дээр ийм юм болсон уу? Төсвийн тодотголд зарлагыг хэрхэн тусгасан бэ? 
Б.Чойжилсүрэн: 2016 оны төсвийг батлахдаа орлогыг 7 их наяд 13 тэрбум, зарлагыг 7 их наяд 953 тэрбум төгрөг байхаар тооцож оруулсан. Гэвч орлого 1 их наяд 10 тэрбум орчмоор буурч, 5 их наяд 2 тэрбум орчим болж, зарлага 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.
Үүний алдаа нь экспортын бараа бүтээгдэхүүний үнийг буруу тооцсонд байгаа. Зарлагын хувьд тэтгэврийн нэмэгдэлд 61 тэрбум, шинээр батлагдсан хууль тогтоомж хэрэгжүүлэхэд 6,8 тэрбум, цалин нэмэгдүүлэх шийдвэрийн хүрээнд 97 тэрбум төгрөг гэх мэтээр нэмэгдсэн.
Хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт өгнө гэсэн боловч бүгдэд нь өгсөн учир одоо 143 тэрбум дутаад байна. Төсөвт суулгаагүй Засгийн газрын хөтөлбөрийг олноор хэрэгжүүлснээр төсөвт маш их хүндрэл учирсан. “Сайн” хөтөлбөрүүдийн үр дүнг ойлгож байгаа. Гэхдээ санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй, дээрээс нь хууль зөрчсөн байсан учир зогсоосон.
-Ипотекийг зээлийг үргэлжлүүлэн олгох эсэх асуудалд засгийн газраас ямар байр суурь илэрхийлэх бэ? 
-Барилга хот байгуулалтын яаман дээр салбарын сайдаар нь ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг ипотекийн зээлийг  цаашид ямар хувилбараар олгож болох асуудлыг судлаж байна.
Иргэдээс ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээг ихэсгэж өгөх, урьдчилгаа төлбөрийг багасгах, зээлийн хүүг бууруулах асуудлаар  санал хүсэлт маш их ирдэг.
Энэ бүх асуудлыг бодлогны хүрээнд дахин боловсруулна. Ямар ч байсан ипотекийн зээлийг зогсоохгүй. Монголбанкин дээр мөнгө хэвлэж  эх  үүсвэрийг цаашид шийдэх үү, байгаа боломжийн хүрээнд  үргэлжлүүлэх үү гэдгийг Засгийн газрын түвшинд шийднэ.
-Эрх баригч нам Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан нь эсрэг томилгоо хийгдлээ гэсэн шүүмжлэл явж байгаа. Та танхимын сайд нараа хэрхэн дүгнэж байгаа бэ?
-Манай засгийн газрын баг бүрэлдэхүүн бол сайн менежмент хийх чадвартай баг гэж би харж байгаа. Төрд тодорхой хэмжээнд ажилласан туршлагатай сайн менежмет хийнэ гэдэгт итгэлтэй  байна. Хэвлэл мэдээллээр янз бүрийн л мэдээлэл явж байна. Ийм асуудлууд дээр би тайлбар хиймээргүй байна. Ер нь МАН хуулиа дээдлэх замаар л томилгоогоо хийж байгаа.
-“Bank of china”-аас Засгийн газар зээл авна гэсэн мэдээллийн тухайд? 
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад салбараа нэгээд, үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаа гадны дөрвөн банк байгаа. Одоогоор тэр дөрвийн нэрийг хэлэх боломжгүй. Тэдгээрийн нэг нь “Bank of china” юм. Бид  эдгээр банкуудыг судлаж байгаа. Судалгаа тооцоогоо сайн хийж байгаад шийдвэрээ гаргана.
Төсвийн тодотголд төрийн өндөр албан хаагчдын зардлыг хэр багасагаж байгаа бэ?
-Төрийн өндөр, нам албан тушаал гэлтгүй бид хэмнэж, тэвчиж болох бүхий л зардлыг хэмнэх бодлого барьж байна.
-Хавтгайрсан халамжуудыг багасна гэж та онцоллоо. Хүүхдийн мөнгө, оюутны 70 мянгыг хэрхэ бэ? 
-Хүүхдийн мөнгийг төсөвт тусгахдаа зорилтот бүлгүүдэд өгнө гэж тусгасан. Сонгуулийн өмнө хавтгайруулан өгснөөр одоо хүүхдийн мөнгө олгож чадахгүйд хүрээд байна. Төсвийн тодотголын хүрээнд халамжуудыг тодорхой зорилтот бүлгүүдэд өгөх чиглэлийг Засгийн газраас барьж ажиллана.
-Танаж болох зардлаа танаж, хэмнэлт хийнэ гэлээ. Үүнд төрийн албан хаагчдын цалин орж байгаа юу? Төрийн албан хаагчдын цалинг хасах уу?
-Төрийн албан хаагчдад цалингийн бууралт хийнэ. Засгийн газрын зүгээс иргэдийг аль болох ажилтай байлгахыг хичээнэ. Эдийн засаг хүндэрсэн үед иргэд ажилгүй болох тусам хүнд дарамт үүсдэг.
Тиймээс иргэдээ ажилтай байлгаж, тодорхой салбарууд дээр цалин бууруулах арга хэмжээг хийхээс өөр аргагүй байна. Цалингийн түвшин бага төрийн албан хаагчид дээр бууралт хийхгүй гэсэн бодлого баримталж байгаа.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …