Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Гашуунсухайт боомтод айлчилан тус боомтын үйл ажиллагааг хагас өдөр тасалдуулжээ

e791b2319bcbfce8big2013 оны 8-р сарын 08-ны өдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дагалдагсдын хамт нисдэг тэргээр Гашуун сухайт боомтод “зочилсон” байна. Өглөө 08.30 цагт товлосон “уулзалт”-анд бэлтгэж хил боомтынхон чамгүй хүчин чармайлт гаргасан боловч эрхэм сайд хугацаандаа ирэлгүй  10:00 цаг орчимд ирж Засгийн газрын тогтоолын дагуу тусгай хуваариар /зорчигчдын хувьд өглөө 08:00 цагаас орой 17 цаг хүртэл, нүүрсний тээврийн хэрэгслийн хувьд өглөө 08:00 цагаас оройн 20:00 хүртэл хилийн боомт үйл ажиллагаагаа явуулдаг/ ажилладаг боомтын үйл ажиллагааг хагас өдрөөр тасалдуулахад хүрсэн байна. Боомтын үйл ажиллагаанд оролцдог хил хяналтын байгууллагууд болох Хилийн цэрэг, Гааль, Гадаадын харъяатын асуудал эрхэлсэн газар, Хилийн мэргэжлийн хяналтын ажилтнууд бүрэн бүрэлдхүүнээрээ дүрэмт хувцасаа өмсөн жигдрэн жагсаж, сайдыг боомтын дарга рапорт өргөн угтаж авсан ажээ.

Харамсалтай нь Хууль зүйн сайд боомтын бүрэлдэхүүнтэй “сайн уу” гэж хальт мэндлээд, угтагчидтай гар ч барилгүй хүндэтгэлийн талбайд хилийн цэргийн бие бүрэлдхүүний дарга нартай яриа өрнүүлэн зогсож “угтан авагчдыг” үл тоогоод зогсохгүй,  багагүй хугацаанд чилээгээд авсан гэнэ. Уулзалтын үеэр эрхэм сайд туршлагагүйтсэн үү аль эсвэл  өөрийгөө дээрх байгууллагуудыг харьяалан захирдаг салбарын сайд хэмээн  жагсагчдыг үл тоосон уу, хөдөө хөхөрч, гадаа гандаж, цаг наргүй  ажилладаг боомтын ажилтнуудыг басамжилсан уу бүү мэд, ямартай ч угтагсад, салбарын сайд нь үл тоосонд дор бүрнээ л эвгүйцэн, Х.Тэмүүжин сайдын ихэмсэг, дээрэнгүй занг шүүмжлэн ам амандаа  шивэр авир гэцгээжээ.

Үүнээс гадна нисдэг тэрэг хөлөглөн ирсэн сайдын өмсөж зүүсэн нь ч хүмүүст огт таалагдсангүй. Монгол төрийн сайд албан ёсны төрийн ажил, айлчлал хийж байгаа атлаа анд юм уу загасанд явж байгаа хүн шиг гандсан эрээн хувцас, латин амеркийн загасчных шиг малгай, яажийсан гутал өмссөн  боомтынхныг дор бүрнээ гайхшируулаад авчээ.

Энэ бүхнээс үзвэл сайдын эл айлчлал албан ёсных байсан уу, хувийнх уу гэдэг нь бас эргэлзээтэй байжээ. Албаны зарим хүмүүсийг дагалдуулсаныг нь харвал албан айлчлал ч юм шиг өөрийн охиноо дагуулан явсныг  нь үзвэл хувиараа аялаж яваа  мэт. Төрийн тусгай албаны салбарыг удирддаг сайд нь төрийн албаны ёс журам болон  төрийн албыг хувийн амьдралтайгаа холбож болохгүй гэдгийг мэддэггүй юм уу эсвэл, мэдсэн л үл тоодог юм уу бүү мэд.

Хилийн боомт гэдэг төвөөс алслагдсан хол, хэр бараг албаны хүмүүс үзэгдэх нь ховор газар. Ирсэн хүмүүс, сайд дарга нарт  ажил амьдралаа танилцуулах гэсэн эрмэлзлэл хилийн боомт дээр ажилладаг албаныханд  байдаг гэхэд хилсдэхгүй. Харамсалтай нь Х.Тэмүүжин сайд боомтынхоны ажил амьдаралтай  танилцсангүй.  Ядахдаа нэг цэргийн албан хаагчийн, эсвэл хил хяналтын бусад байгууллагын ажилтнуудын  албан өрөө тасалгаагаар хальт ороод гардагч юмуу,  хил хяналтын байгууллагуудын удирдлагуудтай хальт уулзаад гарвал  хилийн боомтын жинхэнэ амьдрал ямар байдгийг мэдэж болох л байсан. Хугацаа хожимдож онгоцноос  буусан нь хил боомтынхны буруу биш болохоор сайдын багийнхан  хугацаагаа тохируулан уулзалт ярилцлага хийгээд, хүмүүсийн санаа оноог сонсоод явсан бол  ажил албанд нь ч тустай, нэр хүндэд нь ч эерэгээр нөлөөлөх байсан байх.

Хамартаа юу түрхсэн мэт  ярвайж, нүүрэнд нь ямарч инээмсэглэлгүй, ихэмсэг, дээрэнгүй,  дуугарч ядсан, нэг гараа   халаасандаа  хийсэн, хайш яйшхан   хувцасласан салбарынхаа  сайдын барааг хальт хараад өнгөрнө гэж Гашуун сухайт боомтынхон зүүдлээч үгүй биз.

Иймэрхүү байдлаар  сайд дарга нар аливаа байгууллагын  үйл ажиллагаатай танилцаж, ажлаа явуулдаг бол ёстой нөгөө “далан худалчийн үлгэр” гэдэг шиг юм болох байхаа. Албан ажлын дагуу гэсэн нэр зүүгээд үр хүүхдээ дагуулан  онгоцоор зугаалж, дэргэд нь албаны ажил яриад төрийн сайдын нэр хүндийг уландаа гишгэн,  хуй салхинд хөөгдсөн юм шиг хам хум уулзалт хийсэн дүр үзүүлээд  буцаж нисэн одох сайдын дүр зураг нь улсын зардлыг дэмий үрж  иймэрхүү маягаар ажилладаг сайд нар олширвол төрийн ажил цалгардаж үр дүнгүй болно доо гэсэн сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлж байв. “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг ардын мэргэн үгийг Х.Тэмүүжин сайд санахад илүүдэхгүй бизээ.

Харин эрхэм гишүүн, сайдын  “бушуу айлчлал” хил боомтынхон төдийгүй улсын хилээр зорчих зорчигч, бараа нэвтрүүлдэг аж ахуйн нэгжийнхэнд чамгүй чирэгдэл учруулсан байна.

Үр дүнгүй сайдын айлчлалын уршигаар 200 гаруй зорчигч, 100 гаруй тээврийн хэрэгсэл хагас өдөр сул зогссон ба тэд  сайдыг түргэн явж, хил хурдан нээгдэхийг хүлээж байсан нь биз. Иргэд зорчигчдын энэ алдсан цаг хугацааны үнэ цэнийг УИХ-ын эрхэм гишүүн, Хууль зүйн сайд, эрхэмсэг ноён Х.Тэмүүжин мэдээгүй өнгөрсөн нь лавтай.

А.Галт

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …