Өчигдөр өглөө 07:00 цагийн үед “Камаз” маркийн машин, галт тэрэгтэй мөргөлдөж дөрвөн хүн хүнд бэртсэн ноцтой осол гарч, олныг цочирдуулсан.
Тодруулбал “Скай резорт” цанын баазын хойно байрлах хаалттай төмөр замын гарам дээр “Камаз” маркийн авто машин төмөр замын гармаар гарч яваад зүүнээс баруун чиглэлтэй явж байсан ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн хэрэг гарчээ. Уг ослын улмаас хоёр машинист, ачаа ачигч, “Камаз” маркийн автомашины жолооч гээд нийт дөрвөн хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн юм.
Албаны эх сурвалжаас ослын шалтгааныг тодруулахад “Зам нь эвдэрсэн учраас Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд зорчиж байсан хоёр галт тэрэгний нийт 2500 орчим зорчигчийг Хонхорын өртөөнөөс төв рүү автобусаар тээвэрлэж эхлэхээр болсон. Удахгүй ослын шалтгааныг тогтооно байх” гэв.
Осолдсон гэх вагон нь Хятад улс руу мод тээвэрлэчихээд буцаж явсан ачааны галт тэрэг байсан аж. Ямартай ч хэргийн газар Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам, онцгой байдлын алба хаагчид, цагдаагийн бие бүрэлдэхүүн гээд холбогдох албаны хүмүүс очсон байна.
Хэргийн газарт байсан зарим эх сурвалжууд “Уг осолд төмөр замын гармын ажилчдад ямар ч буруугүй. Учир нь “Эсто” ХХК Богд уулын арын хурдны зам засварын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа юм.
Эл гарам уг нь өглөө 08:00 цагаас хойш онгойдог. Гэтэл зам барилгын ажилтай холбоотойгоор “Эсто” ХХК-ийнхан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй гэрээ байгуулсны үндсэн дээр өглөөний 08:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл гармыг нээж, зөвхөн өөрсдийн компанийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байхаар болсон юм билээ.
Өөрөөр хэлбэл эл компани гармыг өөрсдийнхөө хамгаалалтад авч, аюулгүйн ажиллагааг нь хариуцаж ажиллахаар болсон гэдгийг гармын ажилчид хэлж байсан” гэлээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар оройн 22:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэл гармыг хаах ёстой юм байна. Гэтэл “Эсто” компанийн ажилчид өчигдөр гармыг 07:10 цагт нээн автомашинаа нэвтүүлж байх үед нь дээрх осол гарчээ. Цагдаагийн албаны эх сурвалж ч “Ослын гол буруутан нь “Камаз” машины жолооч. Учир нь төмөр замын гармаас 50 метрийн хол зайд автомашинаа байрлуулсан байх ёстой” гэв.
Э.Мөнхзаяа
Өглөөний сонин