М.Энхболд МАН-ын “толгой” дээр сандайлж, З.Энхболд АН-ын “хөл”-өөс зуурсаар…

untitled

УИХ-ын ээлжит сонгууль болж, МАН үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш хоёр сар өнгөрөх гэж байна. Энэ удаагийн сонгуульд гурван нам л сандал суудал “зулгааж” чадсан.

МАН итгэмээргүй ялалт байгуулж, АН арай гэж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан бол МАХН-ын нүүрийг О.Баасанхүү тахалсан билээ. Сонгууль дууссанаас хойш УИХ-д суудалтай гурван нам өөр өөрийн өнгө төрхтэй байна. Энэ тухай товч сийрүүлье.

М.ЭНХБОЛД ДАРААГИЙН Н.ЭНХБАЯР БОЛЖ БАЙНА ГЭНЭ

Үнэмлэхүй ялалт байгуулж, “сүүл” өөдөө болсон МАН-ынхан Засгийн газраа эмхлэн байгуулж, эхнээсээ “самарч” л байна. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж, энэ тухай ам мэдэн хашгиралдаж байсан Ардын намынхан сонгуульд ялалт байгуулсныхаа дараа л “сүүлээ шарваж”, ард түмнээр тохуурхаж эхлэв. Юун мэргэжлийн Засгийн газар, харин ч мөнгөөр албан тушаал худалдаж авагсдаас бүрдлээ гэж олон хүн дүгнэж байна.

Угаасаа нэг их дүгнээд байх ч хэрэггүй. Нүдэнд харагдаж байхад. Тиймдээ ч энэ Засгийн газар дорвитой ажил хийхийн оронд АН-ын эрх барьсан дөрвөн жилийг харлуулах гэсэн ганц чигийг л барьж ажиллаж байгаа гэхэд хилсдэхгүй.

Сангийн сайд нь “Монгол Улс сүйрч байна” гэж ирээд л сүртэй мэдэгдэл хийж, зурагтаар төлбөртэй нэвтрүүлэг цацуулж, эх орныхоо нэр нүүрийг дэлхий дахины өмнө “түлж” ч байх шиг. Ерөнхий сайд нь зардлаа танахын тулд төрийн албан хаагчдын цалинг хасна, хүүхдийн мөнгийг олгохгүй, ялгаж салгана ч гэж үзэв.

Сүүлдээ иргэд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймээд эхлэхээр өндөр албан тушаалтнуудын цалинг хасах гэж байгаа юм гэж өөрийгөө хамгаалав. Уг нь бол сайхан л санаа.

Гэхдээ хэдэн даргын цалинг бага сага буурууллаа гээд төсөв хэмнэчихдэг бол сайхан л байна. МАН үнэмлэхүй ялалт байгуулчихаад хийж байгаа ажил нь нэг иймэрхүү. Засгийн газар нь мэргэжлийн бус, дээрээс нь яст мэлхийн хурдтай, юу хийх учраа олохгүй, төв талбайн нэрээр оролдсон маягтай л. “Үүний цаад учир нь  М.Энхболд дарга намынхаа нөхдүүдийн  “толгой” дээр гарч суусантай холбоотой гэж намынхан нь үзэж байна.

“Тэр дараагийн Н.Энхбаяр болж хувирлаа” гэж дүгнэх хүмүүс ч олон байна. Тийм яриа газар авчихаж. Аргагүй л дээ, МАН-ын дарга  М.Энхболд томилгоо тал дээр хэнтэй ч зөвлөлдөхгүй, ганцаараа бие даан шийдэж байгаа сурагтай. Намдаа нойр хоолоо хасан байж зүтгэсэн хэсгийг үл тоож, өөрийн эсвэл халаас зуунтайг сонгож байгаа юм байх.

Ерөнхийдөө өөрийнхөө хүмүүсээр төрийг дүүргэж, чирж яваа нөхдүүдээ өндийлгөх гэж зүтгэж байгаа юм уу даа, янз нь. Яамны сайдууд, дэд сайдууд, яам агентлагийн дарга нар гээд олон томилгоо ард түмний дургүйцлийг төрүүлж байгаа. Нэг талаас нь харвал Төв аймгийн Засгийн газар ч юм шиг. Эсвэл уяачдын Засгийн газар ч юм шиг. Нөгөө морь ч юм шиг, аав, ээж ч юм шиг харагдаад байдаг уулын тухай дуу шиг л юм болж байна.

МАН ялснаар энэ намынхан биш Төв аймгийнхан болоод уяачдын “нар” л  гарав бололтой. Уг нь МАН-ынхан өөрсдийгөө боловсон хүчин сайтай гэж цээжээ дэлддэг. Оргүй биш л үг. Цөөнгүй жил төрийн албанд ажилласан туршлагатай хүмүүс ч дүүрэн бий. Гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн залуучууд ч байгаа.

Харамсалтай нь тийм хүмүүст албан тушаал амар олдохгүй байгаа бололтой юм. Тиймдээ ч нам дотроо нэлээд ширүүхэн шүүмжлэл өрнүүлж, залуучууд нь бухимдаж эхэлсэн сурагтай. Арга ч үгүй биз, нам нь ялагдсан дөрвөн жил гадаадад “бүгэж” байгаад сонгуулийн өмнө ирж хэдэн төгрөг “шидчихдэг”.

Тэгээд ялалт байгуулахаар нь хөрөнгө оруулалтынхаа оронд албан тушаал аваад, зөөлөн сандалд суугаад, дарга сэтэр зүүж байгаа нөхдүүддээ намын жинхэнэ үнэнч гишүүд, зүтгэж ажилласан хүмүүс нь дургүйцэж л таараа шүү дээ. Тэглээ гээд яах вэ, М.Энхболд дарга тэртэй тэргүй бүх эрх мэдлийг гартаа атгачихсан хойно Төв аймгийнхнаа өөд нь татна уу, уяачдаа албан тушаалд “сойно” уу, хамаагүй л хэрэг болж. Харин УИХ, Засгийн газраа аятайхан л “базаасай” билээ.

АН ЯЛАГДСАН УДИРДЛАГУУДТАЙГАА ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ОРОХ УУ

Өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажил их учраас 2016 оны сонгуульд ялалт байгуулна, үгүй юм гэхэд хамтарсан Засгийн газар байгуулахаар хэмжээний суудал авна гэж мөрөөдөж байсан АН-ынхан “далаараа тавиулсан”. Энэ ялагдлыг олон хүн янз бүрээр л тайлбарлаж байгаа.

Ганц үнэн гэвэл АН навс ялагдсан. Ялагдал энэ намд шинэчлэл хэрэгтэй байгааг ч харууллаа. Гэвч АН-ынхан өнөөдрийг хүртэл ҮЗХ-гоо ч хуралдуулаагүй, намын даргаа ч солиогүй л явна. МАН-ынхан янз бүрийн мэдэгдэл хийхээр нь хариуг нь цахим хуудас, сонин сайтаар барьчихаад л сууж байна.

Хааяа нэг шаардлага энэ тэр эрх баригчдад хүргүүлээд л, өөр хийсэн юм алга. Угаасаа юу ч хийх юм билээ, тэдний хүч хүрэхээсээ нэгэнт өнгөрсөн. Гагцхүү намынхаа даргыг бушуухан сонгож, томилох ажлаа яаравчилмаар юм. Ард түмэн үгийг нь сонсчихдог гайгүй шиг хүнээ дарга болгох биз. Түр зууртаа Д.Эрдэнэбат даргалаад л байж байна. З.Энхболд дарга өөрийгөө сануулсхийн, цахим ертөнцөөр МАН-ын сайд нарыг хөөрхөн “шоглоод” л сууж байгаа шүү дээ. Гэтэл удахгүй орон нутгийн сонгууль болох гээд байдаг.

Иргэд МАН-д хэтэрхий их итгэж, үнэмлэхгүй ялалт байгуулахаар хэмжээнд сонгосныхоо дараа амаа бариад эхэлсэн. Сайд томилох үед л МАН хулхиджээ гэдгийг нь харчих шиг боллоо. Сангийн сайд нь гарч ирээд “МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжгүй” гэж шууд мэдэгдсэний дараа шилний цаанаас чихэр долоолгосныг цөөнгүй хүн ойлгосон болов уу. Тийм болохоор АН аятайхан байвал орон нутгийн сонгуульд ялалт байгуулах боломж байна. Гэтэл сонгуулийн өмнө дотоод асуудлаа шийдэж чадах эсэх нь эргэлзээ төрүүлсээр байгаа нь харамсалтай.

ҮЗХ-ныхоо хурлын товыг хэд ч зарлаж, хойшлуулав. Энэ янзаараа УИХ-ын сонгуульд ялагдсан удирдлагуудтайгаа орон нутгийн сонгуульд оролцох юм биш биз дээ. Нэгэнт З.Энхболд хариуцлагаа хүлээгээд, ажлаа өгнө гээд хэлчихсэн юм чинь одоо ажлаа шуурхайлмаар  юм. Тэгэхгүй бол мань хүн үе үе өөрийгөө сануулаад, иргэдэд намын дарга хэвээрээ ч юм шиг сэтгэгдэл төрүүлээд, АН-ын “хөл”-өөс зуураад байна уу гэмээр. Өөрчлөлтийг хурдан хийвэл зүгээрсэн. Ард түмний 45 хувийн итгэлийг дахин хөсөрдүүлэх юм болов уу.

О.БААСАНХҮҮ МАХН-ЫН ДАРГА БОЛБОЛ…

МАН болоод АН-ын дундуур нэг нам гэнэтийн цохилт хийж гарч ирсэн нь МАХН. Одоогийн МАН-ынхан Х үсгээ ад үзсэн нь Н.Энхбаярт сайхан “зууш” болж, МАХН гэсэн нэрийг авч, өнөөдрийг хүртэл хувьдаа өмчилж яваа. Өнгөрсөн дөрвөн жилд МАХН төрд гол тоглогч байж, эрх баригч АН-ыг хөөрхөн атгаж байлаа.

Гэвч энэ удаагийн сонгуулиар навс ялагдаж, ердөө ганц гишүүнтэй үлдсэн. Хэний ч тооцоонд байгаагүй О.Баасанхүү гишүүн Эрдэнэтээс гарч ирснээр Н.Энхбаярыг тоглолтоос хасчихалгүй, “сэлгээ”-нд суулгаж байгаа юм. Ямар ч байсан тэр парламентад суудалтай намын дарга болж чадсан.

Түүнийхээ ачаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой. Гэхдээ энэ талаар ярих эрт байна. Түүний хэргийг цагаатгах нь битгий хэл саяхан баривчлах гэж оролдсон.

Яг үнэндээ түүнээс МАН-ынхан хүртэл жийрхэж байгаа нь харагдлаа. Харин МАХН-ын нэр хүндийг аварч, Н.Энхбаярыг “сэлгээ”-нд ч болов суулгаж байгаа О.Баасанхүү ойрноос жаахан дээшээ залрахаар шийдсэн сураг байна.

Мань хүн Н.Энхбаярыг намын даргын суудлаа надад өг гэж шахсан юм уу даа, янз нь. Өнөөдөртөө Н.Энхбаяр гэдэг хүн хэн ч биш болох дээрээ тулчихаад байна. Өнгөрсөн дөрвөн жилд Солонгост хэвтээд төрөөр тоглож байсан “том мод” түүнд алга.

Ганц барьц нь О.Баасанхүү болчихоод байна. Мөн МАХН гэдэг Н.Энхбаярын нам биш шүү дээ. Энэ чинь олон гишүүн, дэмжигчидтэй улс төрийн нам байлгүй дээ. Тийм болохоор намынхаа нэр төрийг аварсан О.Баасанхүү дарга болж яагаад болохгүй гэж. Н.Энхбаяр гуай О.Баасанхүүд намын даргын суудлаа өгчихөөд, өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд орох боломжоо хайгаад сууж байсан нь дээр ч байж болох юм.

Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …