Ардчилсан намын батлахтай хүн бүр намынхаа шинэчлэлийг юу, юунаас илүү хүсэж суугаа бол улс төрийн хүрээнийхэн тус намын дараагийн дарга хэн байх вэ гэх асуултад өөр, өөрсдийнхөө хариулаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ тус намын дотоод зөрчил хийгээд хагарал нь шинэчлэлийнхээ анхны алхамыг ч хийж чадахгүй өнөөдрийг хүрсэн гэж хэлж болно.
Учир нь, өнгөрсөн хугацаанд тус намынхан Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах гэж байгаа талаарх албан болон албан бус мэдээлэл хэдэнтээ сонсогдож байсан ч харамсалтай нь тэд ямар шалтгаанаас өнөөг хүртэл хуралдуулж чадахгүй байгаа нь таавар хэвээр үлдсэн. Тэгээд ч Үндэсний зөвлөлдөх хуралдаанаараа тэд яг ямар, ямар асуудлыг хэлэлцэж, цаашид тус нам улс төрийн түвшинд хэрхэх нь хүртэл бүрхэг байгаа ч гэж ойлгож болно.
Тэгвэл эх сурвалжийн өгүүлж буйгаар Ардчилсан намын удирдлагууд энэ сарын 25-нд буюу энэ пүрэв гарагт Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулахаар болжээ. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо 228 гишүүнтэй бөгөөд үүний багагүй хэсэг нь хөдөө, орон нутгаас хүрэлцэн ирдэг. Тэд бүгд нэгэн дээвэр доор цугласан тохиолдолд л хуралдаанаа эхлүүлж, асуудлыг шийдэх учиртай юм.
Хэдийгээр тус намын удирдлагууд нөгөөдөр Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах мэдээллийг өгсөн ч энэ удаад хэд, хэдэн шалтгааны улмаас хуралдуулж чадахгүйд хүрэх магадлалтай юм. Өөрөөр хэлбэл, намрын их ажилтай залгаад өвөлжилтийн бэлтгэл ажил, сургууль соёл цуглах өдөр ойртсон гээд ид завгүй үед Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд бүрэн цуглаж чадах эсэх нь эргэлзээтэй. Тэгээд ч өмнө нь хавар Үндэсний зөвлөлдөх хороо шөнөжин хуралдсан ч дорвитой шийдэлд хүрч чадаагүйгээс гадна дараагийн хуралдаанаараа ямар асуудлыг хэлэлцэхээ ч ярилцаж чадаагүй билээ.
Энэ бүхнээс үзэхэд намын дотоод “ялзрал”-аасаа болж ээлжит сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан намынхан өнөөг хэр нь Үндэсний зөвлөлдөх хороогоо ч хуралдуулж чадахгүй сууна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлсон өнөөгийн Засгийн газарт төрийн эрхийг шилжүүлснийхээ маргааш л намынхаа шинэчлэлийн асуудлыг хөндсөн тэд улс төрийн их ялагдал хүлээсэн шигээ өнөөдөр дотоод шинэчлэлдээ ч “ялагдаж” мэдэхээр дүр зураг харагдаж эхэллээ.
Нөгөөтэйгүүр хэрэв Ардчилсан намынхан Үндэсний зөвлөлдөх хороогоо ирэх пүрэв гарагт хуралдуулж чадахгүй аваас намын дотоод асуудал болон хагарал нь өнөөх л бахь байдгаараа үргэлжлэхээс гадна бүх асуудлыг одоогийн Удирдах зөвлөлийн хэдхэн гишүүн л шийдэж явах нь тодорхой юм.
Эх сурвалж: Өглөөний сонин