Өмнөд Солонгос улсын Жүнгбүк аймгийн цагдаагийн газар тус аймагт оршин суух Монгол улсын иргэн, 33-н настай эмэгтэй А-г хууль бусаар санхүүгийн үйл ажиллагаа явуулсан хэргээр саатуулжээ.
А нь 2006 онд Өмнөд Солонгос улсад аялал жуулчлалын визээр очсон бөгөөд өнөөг хүртэл визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар амьдарч ирсэн байна.
Тэрээр энэ хугацаанд тус улсад амьдардаг Монгол иргэдийн ачаа барааг Монгол улс руу илгээхээс гадна 2600-н удаагийн үйлдлээр тэдгээр иргэдийн 800 гаруй сая воныг Монгол улс руу хууль бусаар илгээж, дундаас нь 16-н сая воны ашиг олсон хэрэг үйлджээ.
Түүгээр зогсохгүй нутаг нэгт иргэн Б-гийн жолооны үнэмлэхийг ашиглан автомашин жолоодож, шаардлагатай үед цагдаагийн ажилтанд үзүүлж байсан нь нотлогдсон байна.
Эдүгээ түүнийг хууль бусаар санхүүгийн үйл ажиллагаа явуулж мөнгөн гүйлгээ хийсэн төдийгүй бусдын бичиг баримтыг ашиглан автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болон бусдын нэр дээр нээсэн банкны данс ашигласан зэрэг хэргээр саатуулан шалгаж байгаа юм байна.