Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

e6141757ef423f162a74709c9461a089

Автозамын төслүүдийг хянах ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат автозамын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа төслүүдийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтаар автозамын 30 төсөл баталсан. Уг жагсаалтад барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 27, барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 3 төсөл байна. Барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 27 төслөөс,

-улсын комисст хүлээлгэн өгсөн 2,

-гэрээ хүчин төгөлдөр болж барилгын ажил явж буй 7,

-гэрээ хүчин төгөлдөр болох хугацаа нь болоогүй 4,

-концессын гэрээ байгуулаагүй 2,

-тогтоол албажаагүй 2,

-барих-ашиглах-шилжүүлэх эрхтэй 3,

-ажил эхлээгүй 7 төсөл байна.

Автозамын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийх, төслүүд улсын хөгжлийн төлөвлөлттэй нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргах, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай уялдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат холбогдох яам, газруудын төлөөллийг оролцуулан байгуулж, үр дүнг нь энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан танилцуулахаар боллоо.

Мөн дараах хэдэн асуудлыг хэлэлцлээ

-УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын санаачлан боловсруулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд үзэл баримтлалын хувьд дэмжиж, зарим тооцоо судалгаа, хэрэгжүүлэх хугацааг тодруулах нь зүйтэй гэж үзэв.

-Газрын тосны хайгуулын “Эргэл XII” талбайд Ашигт малтмал, газрын тосны газар болон “Smart oil investment limited” ХХК-ийн хооронд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг  тус газрын дарга Б.Баатарцогтод олголоо.

-УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүдээс санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, төслийг  УИХ баталбал мөрдөж эхлэх хугацааг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээр тогтоох саналыг уламжлахаар тогтлоо.

-Засгийн газрын 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний IV хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүнг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг танилцууллаа. Хөтөлбөрийн шинэчилсэн хувилбарыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан боловсруулж танилцуулахыг түүнд даалгалаа.

-ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн малын гоц халдварт шүлхий болон цэцэг өвчний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв. Малын эдгээр өвчний гаралт, тархалтын талаар яаралтай судалж,  хуулийн тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээ авах санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг Шадар сайд болон ХХААХҮ-ийн сайдад даалгалаа.

Томилгоо

Гаалийн ерөнхий газрын дэд даргаар Ё.Бат-Эрдэнийг,

Шүүхийн шийдвэрийг үндэслэн ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн шүүхийн шийдвэрийн дагуу Б.Лхагвааг тус газрын даргаар томиллоо.

Мөн Эрдэнэс-Монгол ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг томилж, тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …