Ш.Анхмаа: Цэцэрлэгийн элсэлт “Шилэн” боллоо

p1ara4p5ad1b4b8nvou41mtoe5t1

2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Юуны өмнө шинэ албанд томилогдсонд баяр хүргэе. Жил жилийн намар эцэг, эхчүүдэд хүүхдээ цэцэрлэгт оруулах асуудал тулгардаг. Нийгмийн асуудал эрхэлсэн таны хувьд энэ талаар тодруулга өгнө үү.

-За, баярлалаа. Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 212, төрийн бус өмчийн 386, нийт 598 цэцэрлэгт 106,717 хүүхэд хамрагдах төлөвтэй байна. Статистик үзүүлэлтээр 43,000 гаруй хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэхээр болоод байна. Харамсалтай нь бид энэ асуудлыг өнөөдөр бүрэн шийдвэрлэх боломжгүй тул эцэг, эхчүүд бухимдаж байгааг ойлгож байна.  Гэхдээ сургуулийн өмнөх нас буюу 5 настай бүх хүүхдүүдийг цэцэрлэгт элсүүлэх бодлого барьж ажиллаж байна.

– Тэгвэл цэцэрлэгт хүүхдээ элсүүлэх гэдэг эцэг, эхчүүдийн дунд өрсөлдөөнтэй асуудал хэвээр үлдэх нь ээ. Энэ жилийн элсэлтийг хэрхэн зохион байгуулж буйг эргэн тодруулбал…

-БСШУС-ын сайд, Нийслэлийн засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хамтарсан албан даалгавар сургуулийн өмнөх  боловсролд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг зохион байгуулах тухай  НЗД-ын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/603 дугаар захирамжийг хэрэгжүүлэхийн тулд цөөхөн хоногийн дотор ажлын хэсэг зохион байгуулан хуралдуулж  “Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх зөвлөмж” гаргалаа. Тус зөвлөмжийг 8 сарын 16-нд олон нийтэд Нийслэлийн боловсролын газраас танилцуулсан.

Зөвлөмжийн гол агуулга бол тухайн цэцэрлэгт элсэх хамран сургах тойргийн нийт хүүхдийг бүртгэх бөгөөд тэдгээрээс  20%-тай тэнцэх хүүхдийг зорилтот бүлгээс авах юм. Тодруулбал, амжиргааны доод түвшнээс доогуур орлоготой, эцэг эхийн хэн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, 3-6 насны 2 ба түүнээс дээш тооны хүүхэдтэй эсвэл тухайн хүүхэд хагас буюу бүтэн өнчин бол цэцэрлэгт шууд элсэх боломжтой юм.

Харин үлдсэн 80%-д нь “Элсэлтийн тасалбар” буюу санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүдийг элсүүлэх юм.

-Санамсаргүй түүврийн арга гэдэг сугалаа мөн үү.

-Тиймээ. Төрийн өмчийн цэцэрлэгүүд 1,8 дахин хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж байгаа энэ үед иргэдэд эрх тэгш сонголт эдлүүлэхэд үүнээс өөр арга харамсалтай нь байсангүй. Дараагийн жилүүдэд цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах бөгөөд элсэлтийг цахим хэлбэрээр явуулахаар судалж байна.

-Өнөөдөр цэцэрлэгийн насныхны хувьд чухал өдөр болох нь ээ. Элсэлтийн асуудал жил бүр маргаан дагуулдаг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Цэцэрлэгийн элсэлт тойрсон ашиг сонирхлын зөрчил, шударга бус асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2016 оны 08 сарын 22-ны өдийн  А/612 дугаартай “Цэцэрлэгийн бүртгэлийн ил тод нээлттэй мэдээллэх тухай” захирамж гаргасан.

Энэхүү захирамжийн хэрэгжилтийг  хянахаар НЗДТГ нь АТГ-тай хамтран “Сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаа хэрэгжилтэд хяналт тавих”  ажлын удирдамж гарган баталлаа.

Ингэснээр таны хүүхдийн элсэх хүсэлтэй цэцэрлэгт нийт хэдэн хүүхэд авах тухай мэдээлэл ил тод болохоос гадна тэдгээр хүүхдүүдийн 20% нь ямар шалгуураар элсэж байгаа талаар болон 80% -д хамран сургах тойргийн буюу харъяалалын дагуу хүүхэд элсэж байгаад хяналт тавих бүрэн боломжтой болох юм. Эдгээр мэдээллүүд НБГ, дүүргүүдийн Боловсролын газрын цахим хуудсанд тавигдах юм.

Мөн эцэг эхчүүд элсэлттэй холбоотой гомдол саналаа АТГ-ын 18001969, НБГ-ын 70113033, 70113039 утсанд хандан мэдээллэх боломжтой.

-Цэцэрлэгийн элсэлт энэ хичээлийн жилээс эхлэн нээлттэй болж байгаа гэж ойлгож болох нь ээ…

-Тийм ээ. Хамгийн гол нь цэцэрлэгийн бүртгэл, элсэлт  ил тод нээлттэй буюу “Шилэн” боллоо. Ингэснээр элсэлттэй холбоотой ашиг сонирхлын зөрчил гаргахаас сэргийлнэ гэдэгт итгэж байна. Цэцэрлэгийн удирдлагуудтай хариуцлага тооцох системийг илүү тодорхой болгож өгч байгаа юм. Мөн тухайн хорооны өрхийн судалгаанд үндэслэн цэцэрлэгийн бүртгэл хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр сургууль, цэцэрлэг болон хороодын Засаг дарга нарын ажлын уялдаа холбоог илүү сайжруулж, цаашдаа бүх мэдээлэл цахим хэлбэрт ороход түлхэц үзүүлнэ гэж найдаж байна.

-Нийслэлийн шинэ удирдлага эрх барих дөрвөн жилд цэцэрлэгийн асуудалд хэрхэн анхаарах төлөвтэй байгаа вэ?

– Нийслэл хотын хэмжээнд ашиглалтын хугацаа нь хэтэрсэн 31 цэцэрлэг байдаг. Эдгээр цэцэрлэгүүдийн хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлж шинэчлэхээр судалж байна. Цаашид төсөв хөрөнгийн бүхий л боломжид тулгуурлан эх орны ирээдүй болсон бяцхан иргэдийнхээ боловсролын төлөө анхааран ажиллах болно.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …