Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 12-нд хуралдаж, тус уурхайн далд уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг баталжээ.
Энэ шийдвэр нь Оюутолгойн далд уурхайд ажиллаж байгаа ажилчдад хэрхэн нөлөөлж байгаа талаар “Оюу толгой” компанийн Хэвлэл мэдээллийн олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ц.Ганзоригоос тодруулсан юм.
Тэрээр “Энэхүү шийдвэр нь далд уурхай ажиллаж байсан ажилчдад хамаатай. Шийдвэрийн дагуу шинээр ороод удаагүй байгаа болон гэрээт ажилчид халагдаж байгаа. Бид ажилчиддаа гэнэт халагдсаны мөнгийг хөдөлмөрийн хуулийн дагуу бодож өгч байна. Харин ил уурхайн ажил хэвийн явагдаж байгаа” гэв. Одоогоор тус компанид 1000 гаруй хүн ажилладаг юм байна. Гэрээт ажиллагсадтайгаа нийлэхээрээ 2000 давдаг ба нийт ажилчдын 90% нь Монгол ажилчид байдаг гэсэн мэдээлэл бий. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг “Редпаф” компани гүйцэтгэж байсан юм байна.
Одоогийн байдлаар нийт халагдсан ажилчдын тоо тодорхойгүй байна.
“Рио Тинто” компанийн зүгээс Оюутолгойн ашгийн 80 хувийг өгөх далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг босгохоор ажиллаж байгаа юм байна. Одоогийн байдлаар олон улсын банк санхүүгийн байгууллагаас дөрвөн тэрбум гаруй ам.долларын санхүүжилт босгоход бэлэн болоод байгаа юм. Төслийн хоёр дахь шатны санхүүжилтэд 5.1 тэрбум ам.доллар шаардлагатай гэж Рио үзэж байгаа. Урьдчилсан байдлаар баталгаажуулсан Оюу толгойн далд уурхайг хөгжүүлэх Төслийн санхүүжилтийн нөхцөлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн мэдэгдлийг Засгийн газрын зүгээс Риод хүргүүлжээ.
Рио санхүүжилтийн талаар тодорхой шийдвэр гарах хүртэл болон Оюутолгой төсөл тойрсон асуудлаар Засгийн газартай нэг мөр ойлголцох хүртлээ далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхгүй юм байна.
О.Рана
Ugluu.mn