Сүүлийн хэдэн жил Улаанбаатар хотод баригдаж байгаа байшин барилгууд эмх замбараагүй баригдсан байдаг тухай хүмүүс ам уралдан ярьдаг. Энэ бүхний цаана газар олгосон албан тушаалтнууд болон барилгын зураг төслийн багийг буруутгах нь илүүтэй. Мэдээжийн хэрэг тэдний буруу байдаг ч барилгын зөвшөөрөл авсан зарим аж ахуйн нэгж, иргэд зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ илүү гаргаж барилгаа барих, олгосон зөвшөөрлийн зориулалтыг дур мэдэн өөрчлөх зэрэг “ноцтой” гэмээр зөрчлүүдийг удаа дараа гаргасаар байна. Ийм зөрчил яван явсаар ноднин жил “Тэнгис” кино театрын өмнө баригдаж байга өндөр барилга, зөвшөөрөгдсөн талбайн хэмжээгээс хэтрүүлэн барилга барьсны улмаас явган хүний замаар алхаж явсан оюутан залуугийн дээрээс төмөр амь насанд хүрч байсан удаатай.
Тэгвэл ийм зөрчлүүд одоо ч байсаар байна.
Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Бөмбөгөрийн урд,”Евро-фарм” эм ханган нийлүүлэх газрын дэргэд баригдаж буй иргэн П.Мөнхтамирын “Мон-фа” эм ханган нийлүүлэхийн барилга нь холбогдогдох хууль дүрмийг удаа дараа зөрчин барилгын үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Анхнаасаа эл барилга барилга хоорондын зайг зөрчиж хажуу барилгынхаа цонхыг таглан, 15 см-ийн зайтай барьж, хөршийн эрхийг зөрчиснөөс маргаан үүсгэжээ.
7 сарын 9-ны өдөр- барилгын явц
8 сарын 14 – Барилга барихыг зогсоох шүүхийн шийдвэртэй атал барилгын ажил үргэлжилсээр
Улмаар хөрш Ч.Энхсайханы гомдлын дагуу 2013 оны 7 сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүгчийн захирамж гарч, Иргэн П.Мөнхтамир болон түүний барилгын ажлыг гүйцэтгэгч “АСХС” ХХК нарт эл барилгын ажлыг гүйцэтгэхгүй байхыг даалгасан байна. Өөрөөр хэлбэр шүүхийн шийдвэрээр барилгын ажлыг зогсоох үүргийг иргэн П.Мөнхтамир болон гүйцэтгэгч “АСХС” ХХК-д хамааруулан өгчээ. Үүний дараа иргэн П.Мөнхтамир Чингэлтэй дүүргийн шүүхэд, шүүгчийн захирамжтай холбогдуулан гомдол гаргасан ч тухайн гомдлыг нь дүүргийн шүүх хэрэгсэхгүй болгожээ.
Шүүхээс нэгэнт ийм шийдвэр гарсаар байтал иргэн П.Мөнхтамир болон түүний барилгын ажлыг гүйцэтгэгч “АСХС” ХХК нь барилгын ажлыг үргэлжлүүлэн барьсаар байгаа нь нэг талаас шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн, биелүүлээгүй, нөгөө талаас Монгол улсын хуулийг зөрчиж байгаа хэрэг юм.
Сураг сонсоход эл П.Мөнхтамирын ээж Улсын мэргэжлийн хяналтын газар олон жил ажилласан “том хатагтай” байдаг агаад, тэрээр “надад Монгол улсын хууль үйлчлэхгүй” гэж ил цагаан хэлдэг нэгэн гэнэ. Тиймдээ ч одоо болтол хүчин төгөлдөр шүүхийн тогтоолыг зөрчин барилгын ажлаа явуулж байгаа юм болов уу.
Хууль шүүхийн байгуулагын гаргасан шийдвэрийг сөрдөг, үл тоодог, Монгол улсын хуулийг биелүүлдэггүй ийм хүмүүст л төр төмөр нүүрээ үзүүлэх ёстойсон.
“Хууль үйлчилдэггүй хүмүүс гэж байх ёсгүй” гэдгийг олонтоо ярьдаг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эл асуудалд анхаарлаа хандуулна буй за. Хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгэнд хууль үйлчлэхгүй байдаг цаг өнгөрсөн гэж бодсон үгүй бололтой юм байна.
П.Мөнхзориг эдүгээ хүчин төгөлдөр шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг үл тоон барилгын ажлаа явуулсаар байна.
Ц.Мөнхбаатар