Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Рио-2016” зуны олимпийн наадмын мөнгөн медальт, жудо бөхийн тамирчин Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт боксын спортын тамирчин Д.Отгондалай нарыг болон олимпийн тэмцээнээс дуулиан дагуулсан чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт тамирчин Д.Отгондалай нарт баяр хүргэж, Монголын ард түмэн тэднээс улам их амжилт хүлээж байгааг хэллээ. Тэд хоёулаа “Хилчин” спорт хорооны тамирчид бөгөөд анх олимпийн тамирчдыг үдэж мордуулахад тамирчдаа төлөөлөн тангараг өргөсөн юм. Тангараг өргөсөн хоёр тамирчин хоёулаа олимпийн медаль хүртсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч бэлгэшээж буйгаа бас хэлэв.
Мөн чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг хүлээн авч уулзахдаа спортын авлигын эсрэг, шударга ёсны төлөө тэдний хийсэн тэмцлийг үнэлж буйгаа хэлж, цаашид спортын талбарт илүү их амжилт гаргахыг хүслээ.