ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины албан хэрэгцээндээ ашигладаг машин Москва хотын төвд томоохон осол гаргасан хэмээн “DailyMail” мэдээллээ.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн албанд зориулагдсан BMW унасан жолооч Москвагийн төвд Кутузовын өргөн чөлөөнд автомашины томоохон осол гаргажээ. Осол гарах үед Ерөнхийлөгч Путин машинд байгаагүй аж. Путины жолооч замын хоёр урсгалыг заагласан, төрийн дээд албан тушаалтнуудын зорчдог хэсэг дээр өндөр хурдтай явж байгаад жолоодлогоо алдан эсрэг урсгалд явж буй машин Мерседестэй мөргөлдсөн байна. Ослын улмаас ерөнхийлөгчийн жолооч газар дээрээ амиа алджээ.
Ерөнхийлөгчийн жолоочийн нэрийг зарлаагүй ч тэрээр 40 жил албаны машин барьсан туршлагатай жолооч байсан гэв. Харин Мерседесийн жолооч хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ. Москва хотын цагдаагийнхан тус хэргийг шалгаж байгаа гэдгээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй хэмээн эх сурвалж мэдээллээ. Оросын төрийн тэргүүний жолооч автомашины осолд орсон гэх зураг, бичлэг цахим ертөнцөөр тархаад байна. Харин Кремлиэс энэ мэдээлэл үнэн эсэх талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй юм.
Эх сурвалж: “Өглөөний сонин”