Болгоомжтой байхад гэмгүй болж шүү

527-147331636273ad8ead9fff5429b4a5ea268ba33bc3
Саяхан Хятадын хууль хүчний байгууллагынхан Армени улсаас 129 зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүдийг баривчлан авч иржээ.
Тэдгээрийн 51 нь Хятад улсын иргэд бол үлдсэн 78 нь Тайвань гаралтай хүмүүс байсан байна. Сүүлийн үед хятад иргэд олон арваараа Арменид хүрэлцэн ирээд тэндхийн иргэдээс орон сууцыг нь удаан хугацаагаар маш өндөр үнэтэй түрээслэж, хаалга цонхыг нь бөхлөж битүүлэх мэт сэжигтэй ажиллагаа явуулах болсон нь орон нутгийн цагдаагийн газрын анхаарлыг татах болжээ.
Тэр тухай Хятадын амрыг хамгаалах товчоонд мэдэгдсэнээр хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулсаны үр дүнд хил дамнасан сүлжээний гэмт хэргийн үүр уурхай байсныг олж тогтоогоод ийнхүү баривчилсан аж. Тэд Арменид байх богино хугацаанд Хятадын иргэдийн цахим данснаас одоогийн байдлаар 6 сая гаруй юанийг хууран мэхлэж авсан болох нь тогтоогдоод байна.
Мэдээллийн технологийн хөгжил хүмүүсийн амьдралд маш олон хэлбэрээр ашиг тусаа өгч байгаа боловч сөрөг муу тал нь энэ мэтчилэн зүгээр явж байгаад хилийн чанадаас гэмт халдлагад өртөж болзошгүй болсныг энэ жишээ харуулж байгаа юм. Үүнийг манай хууль хүчний байгууллагынхан анхааралдаа авч ард иргэддээ хэрхин түүнээс сэргийлэх арга замыг сануулан хэлж байхад гэмгүй.
Өчигдөр Ляонин мужид банкны мөнгө зөөдөг тэргийг тонон дээрэмдээд 35 сая юань авч зугтсан гэмт хэрэгтнүүдийн тухай Хятад даяар шуугицгааж байна. Хятадад иймэрхүү гэмт хэрэг үе үе гарах нь цөөнгүй байдаг тул урд хөршид арилжаа наймаагаар явж байгаа манай иргэд буу зэвсэг агссан банкны мөнгө зөөгч тэргийг харвал холуурхан тойрч өнгөрөх нь амь насанд өлзийтэй байж мэдэх юм шүү. Ялангуяа урд хөршид сурч байгаа бага насны сурагч, оюутнуудад энэ талаар захиж хэлэхэд илүүдэхгүй буй за.
Одоогоос арваад жилийн өмнө хятадын хуулийн цаг нэвтрүүлгээр Хятадын амрыг хамгаалах яамны дэд сайд Юньнань мужтай хил залгаа хар тамхины “Алтан гурвалжин” бүсийн гэмт бүлэглэлүүдэд хүчтэй цохилт өгч байгаа болохоор хар тамхины мафийн фронт өмнөдөөс умард зүг рүү чиглэх хандлагатай боллоо хэмээн мэдэгдэж байсан нь жирийн үзэгч миний хувьд “Манай улс хар тамхины мафийн нөлөөнд автах магадлал ихсэж байгаа юм байна даа.” гэх далдхан түгшүүр төрөөд өнгөрч билээ.
Түүнээс нэг их удалгүй манай иргэд олон арваараа хар тамхины хэрэгт холбогдоод эхлэсэн нь санамсаргүй хэрэг яавч биш байж таарна.
Хятадууд олон арваараа суурьшин амьдардаг манай орны хувьд дээрх мэт цахим гэмт хэргийн бүлэглэлүүд ороод ирчихсэн байхыг ч хэн байг гэх вэ? Хар тамхи гэснээс заавал тарьж ургуулна гэхгүй түүний нэгэн төрөл болох “Мөс” хэмээх нэрт мансууруулах бодисыг жирийн орон сууцны өрөөнд химийн аргаар тун хялбархан үйлдвэрлэн гаргадаг болсон тухай дээр өгүүлсэн “Хуулийн цаг” нэвтрүүлгээр жишээ баримттай үзүүлж байсан.
Хятадын хэвлэлийг харж байхад “араасаа нэвт харагддаг хөзөр”, “алсын удирдлагатай шоо” гэх зэрэг гэмт хэргийн маш нарийн арга хэрэгслүүд гарчихсан, түүнийг нь зарна гэсэн зар мэдээ шар хэвлэлүүдээр нь ил цагаахан явж байдаг л даа.
Хөзрийг нь таних тэмдэгтэй үйлдвэрлээд тэр нь жирийн нүдээр харахад танигдахгүй боловч тусгай нүдний шил зүүхээр тодрон харагддаг юм гэсэн. Харин алсын удирдлагатай шоог нь оруулж ирчихээд начин, харцага, заан, арслангийн найраанд ашиглаад байх увайгүй үйлдлийг Монгол эрсийн жудгийг хадгалж явах учиртай бөхчүүд маань арай ч хийхгүй байх гэдэгт найдъя. Гэхдээ юмыг яаж мэдэхэв ултай анхаарч байхад буруу нь юу байхав.
Гонконгийн мафийнхан нэлээд дээхнээс үнэр амт өнгөгүй тусгай шингэн бодисыг гарган авсан бөгөөд түүнийгээ анхааралдаа авсан бүсгүйчүүдийн ууж байгаа цай, ундаа, архи зэрэгт хэдэн дуслыг хольчиход ухаан санаа нь мансуурах, анх харсан эрэгтэй хүндээ татагдах гэх мэт хэвийн үйлдэл гаргадгийг манайхаас бусад оронд бол ихээхэн анхаардаг болтой юм билээ. Ямар сайндаа тийм шингэнээс сэргийлэх хумсны будаг хүртэл гарсан байх билээ дээ. Ууж байгаа зүйл нь сэжигтэй санагдвал тусгай хумсны будагтай хуруугаа түүнд дүрээд үзэхэд өнгө нь хувьсвал ууж болдоггүй ажээ.
Манай оюутнууд хятадын сэтгүүл дээрээс өгүүллэг уншдаг байх үед хааяа нэг тиймэрхүү этгээд бодис, эд хэрэгслэлийн тухай зар харагдвал багшийн хувьд анхааран сануулдаг байсан. Харин энэ удаа нийтэд сонордуулахад гэмгүй хэмээн бодоод энэ бичлэгийг тэрлэлээ.
Хятад судлаач Д.Болдбаатар

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …