ОХУ-ын нийслэл Москва хотноо өнгөрсөн бямба гарагт Оросын ДХЯ-ны Авлигатай тэмцэх газрын “Т” удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Дмитрий Захарченког авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр баривчиллаа.
Сэжигтний төрөл төрөгсдийн байранд нэгжлэг хийх үеэр 120 сая орчим ам.доллар, хоёр сая евро бэлнээр олдсон юм. Анхандаа түүнийг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргээр саатуулсан аж. Гэтэл Захарченког баривчлах үед түүний машин дотроос 20 сая рубль бэлнээр олдсон байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Захарченкогийн эсрэг энэ сарын 9-ний өглөө хэрэг үүсгэсэн бөгөөд тухайн өдөр гэрт нь нэгжлэг явуулсан гэнэ. Одоогоор түүнийг хэчнээн хэмжээний мөнгө хаанаас авсан болохыг тогтоохоор мөрдлөг шалгалт явуулж байна. Хавтаст хэрэгт тэмдэглэснээр Захарченко ажлын байрандаа нэгжлэг явуулахыг эсэргүүцсэн гэжээ. Гэхдээ тэрбээр өөрөө үүнийг эрс үгүйсгэж байгаа юм.
Дмитрий Захарченкогийн хувьд жилд гурван сая рублийн орлоготой байсан хэрнээ авлига үе үе авдаг байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Нэгжлэгийн үеэр их хэмжээний мөнгө олдсон байр нь түүний төрөл төрөгсдийн нэр дээр байдаг аж. Тиймээс Захарченко их хэмжээний бэлэн мөнгөнд өөрийгөө хамааралгүй, огт гар хүрч байгаагүй гэж мэдэгдэж байна. Тэрбээр хамаатны эмэгтэйнхээ байранд гэрийн хорионд байх хүсэлтээ илэрхийлсэн гэнэ. Учир нь хамаатных нь байр бие засах газар гээд бүх өрөөндөө камер суурилуулсан гэжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин