Борооны дараахь мөөг шиг нутаг бүрээс аймаг сум бүрээс шахуу хувилгаадын хойд дүр тодрох юм. Тэдний хүч чадал эрдэм мэдлэг урд төрлийн /үлдэгдэл/ гэж бий л байх. Гэхдээ ийм олон хувилгаад байсан нутаг юм бол урьд яагаад бид ядуу байв, эх оронд үй олноороо яагаад өвчилдөг байв, яагаад төрийн үйл буруу эргэж 200 хүнийг хагартал нь баяжуулав, яагаад нялхас эндэж, хөгшчүүд сэтгэл дундуур цай хоолноосоо холдож зүдрэв. Энэ бүх хариултанд эрхэм хутагт хувилгаадын хойд дүр нэмэр нөөлөгтэй юу.
Миний мэдэхийн л 1990-ээд он гарсаар Буддын шашин ихээр дэлгэрч хэн ч нуухгүйгээр шүтэж, мөргөж, залбирч хүч оюунд нь биширч байна. Ямар ч шашин сэтгэлийн амар амгалан байдлыг мэдрүүлдэг, хүний өөрийн хүчийг итгүүлдэг, өрөөлд буян болохыг заадаг. Монголын ард түмэн үүнийг мэдэхгүйдээ шүтээд байна гэж үү. Зовлон гарахаар лам цаддаг, зуд болохоор нохой цаддаг гэдэг юутай ортой үг вэ.
Одоогийн Буддын шашны их үйлийг залгамжилж яваа лам нар ч гэсэн номоо дутуу уншиж, номны дундуур утсаараа ярьж, ариун номынхоо өрөөнд охидууд аваачин “зугаацдаг” ийм л үе ирж. Номын хүчийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэн, өөртөө болон өрөөлийн сайн сайханд хүртээж ашиглаж байгаа жинхэнэ лам тун ховор болжээ. Лам хүртэл бүхнийг зоосны нүхээр харж байна. Шүтэх эрхийг үндсэн хуулиараа заагаад өгсөн ч мөнгөгүй бол гандан ороод ч хэрэггүй. Би мөнгөгүй ядарч явна надад ном ушиж өгөөч гэхэд за гээд унших лам одоо байна уу.
Өдрийн од мэт ховор доо. Үүнтэй агаар нэгэн хутагт хувилгаад яах гэж төрдөг вэ. Урьд шашин төрийг хослон баригч Богд хааны үед хутагт хувилгаад нь хааны эрх мэдэлтэй шахуу байлаа. Харин одоо бол 21-р зуунд бүх зүйлийг мэдэхгүй үсгэн дор, мэдэхгүй хэллэг дор даатган суух нь зохистой хэвээрээ юу.
Хэл хугалам нэртэй хутагт хувилгаадууд “жалга” бүрээс шахуу л төрж байна. Үүнд нь аймаг сумын соёлын асуудал эрхэлсэн нэгэн “ажилдаа хамаатайгаар” шашны нөлөөгөөр иргэдэд соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нь оролцоод л болмоор. Гэтэл үгүй юмаа. Аймгийн засаг дарга өөрөө хөлд нь сөхөрч суудалд нь залаад л, хотоос төрийн бүхий л томчууд очоод л, хэлтэй хөлтэй бүхэн сөгдөж мөргөөд л яг л амьд бурхан лугаа дээдлэх аж. Гэхдээ эргээд амьд бурхан маань юу хийх вэ, урьд нь тодорсон амьд бурхдууд юу хийсийн бэ? Мал бэлчих газаргүй болтлоо л газар нутгаа шороогоор нь эргүүлж байхад тэд юуны төлөө хэний төлөө хэнд залбиран сууж байнаа.
Одоогийн төрийн түшээд болсон хэдхэн баяжсан нөхдүүдийн арын албыг даагаад ард түмэнд товчилсон ном уншин суугаа энэ цагийн эрхэм хувилгаад, лам, зурхайч, үзмэрч нарт мөнгө, эрх мэдэл л сонин болсон нь харагдаж байна. Гэгээнтний гэрээр орж гарах төрийн түшээдэд хэдэн цагаар ч хамаагүй “хаалттайгаар” үйлчилж суудаг нь нууц биш. Эрх мэдэл хүч чадал, мөнгө хөрөнгө, эрх ямбанд шашин юунд татагдаад ард түмнийг үл тоомсорлон үйл олноор нь нэг номонд суулгаж, талийгчдын хойчийн буяныг ард нь үлдэгсдийн сэтгэлд нь хүрэхгүйгээр хийж өгнө вэ. Энэ чинь Бурхан Буддагийн үйлээс “халиад” байгаа хэрэг биш үү.
Бараг энэ төрийн үйлийг далд хэлбэрээр шашны хэдхэн мундагууд нь залж байна гэхэд хэлсдэхгүй болж. Амжуулах гэсэн “найрааны, хорны ”ажлаа ламдаа даатган хүүрнээд, ард нь ламын шийдвэр, зоосны мэргэ хоёроор шийдвэрлээд байна уу. Хэрэв тийм бол та бидний хошуураад байгаа төрийн арын албанд байгаа лам нар муу удирдагч, муу номтон байх нь. Үр дүнд нь олноороо ядуурлын зовлонд унаж, нэг хэсэг нь баяжиж, хүмүүс бие биенээ алж, өдөр бүр буруу сэтгэлтэн төрж, гэмт хэрэг гаарч, эхчүүд өөрсдөө хүүхдээ устгаж, эрчүүд архин далайд живж, хүүхдүүд өвчний үүр болж, өндөр настнууд гудамжинд гарч байна. Энэ бүхний цаана хэдэн хутагт хувилгаад төрөөд ч, хэдэн төр солигдоод ч сайжрахгүй нь гэдгийг Монголын ард түмэн 26 жилийн амьдралаараа баталлаа. Тиймээс хутагт хувилгаад төрүүлэх гэж хэдэн тэрбумаар нь зарцуулахын оронд хүүхэд хөгшчүүддээ эмнэлэг барьвал яасан юм бэ?
Б.Саран