Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн хүрээнд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд байна. Энэхүү хуулийн гол үзэл баримтлал бол хуульчийн мэргэжлийг стандартыг батлан, сахиулж ажиллах байгууллага нь мэргэжлийн өөрөө удирдах ёс бүхий Хуульчдын холбоо юм. Хуульчдын холбоо нь нийт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бүх этгээдүүдийг нэгтгэх бөгөөд тэднийг төлөөлөн мэргэжлийн үйл ажиллагааны стандарт батлах, хариуцлага тооцох, хуульчийн үргэлжилсэн сургалт эрхлэх, эрх зүйн боловсролыг дэмжих, хууль зүйн туслалцаа хүргэхэд дэмжлэг үзүүлэх, хуульчдын нэгдмэл ашиг сонирхлыг илэрхийлэх зэрэг чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ.
Хуульчид анхдугаар их хурлаар Хуульчдын холбоогоо байгуулна
Хуульчдын холбоог байгуулах Хуульчдын анхдугаар их хурлыг 2013 оны 9 дүгээр сар 05-ны өдөр товлолоо. Энэхүү их хурлаар Холбооны дүрэм батлах, Хуульчийн мэргэжлийн дүрэм батлах, холбооны гишүүний татварын хэмжээг тогтоох, Ерөнхийлөгчийг сонгох, Мэргэжлийн хариуцлагын хороо байгуулж, бүрэлдэхүүнийг батламжлах гэх мэт асуудлуудыг шийдвэрлэнэ.
Их хурлын төлөөлөгчийн сонгууль цахим хэлбэрээр явагдана
Их хуралд нийт 500 хүртэл төлөөлөгчид оролцох бөгөөд тэдний 20 хувь нь шүүгч, 20 хувь нь прокурор, 40 хувь нь өмгөөлөгчид үлдсэн 20 хувь нь эдгээрээс бусад хуульчдын төлөөлөл байна.
Хуульч нь Холбооны гишүүний хувьд тэгш эрхтэй учир төлөөлөгчийг сонгох ажиллагаа ч энэ зарчимд нийцэж явагдах ёстой. Тиймээс төлөөлөгчдийг тэгш эрхийн үндсэн дээр шударга, ил тод, ардчилсан зарчмуудыг хангасан байдлаар тодруулахын тулд Хуульчдын анхдугаар их хурлын төлөөлөгчийн сонгох сонгуулийг цахим хэлбэрээр буюу интернэтээр явуулахаар шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл төлөөлөгчид нэр дэвших, санал өгөх бүх ажиллагаа Хуульчдын нэгдсэн мэдээллийн санд байрлах санал хураалтын цахим системээр дамжуулан явагдана. Хуульчийн нэгдсэн бүртгэлд хамрагдсан бүх хуульчид уг сонгуульд оролцон нэрээ дэвшүүлэх санал өгөх эрхтэй. Хуульч нь нэгдсэн бүртгэлд үндэслэсэн цахим хувийн бүртгэлдээ нэвтрэн нэр дэвших, санал өгнө. Хувийн бүртгэлийг нэр дэвшилт эхлэх 19-ны өдөр идэвхжүүлэх бөгөөд нэвтрэх нууц үгийг 18-ны өдөр хуульч бүрийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн гар утасны дугаарт явуулна.
Хуульчдын анхдугаар их хурлын төлөөлөгчид нэр дэвшилт 2013.08.19-23-нд, санал хураалт 2013.08.27-ны 09.00 цагаас 30-ны 22.00 цаг хүртэл болно.
Хуульчдын анхдугаар их хурлын талаар болон хурлын төлөөлөгчдийн сонгуулийн талаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болох Мэдээллийн цагт хүрэлцэн ирж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.