“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гишүүд болох Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарыг чөлөөлжээ. Өнгөрсөн баасан гаригийн орой “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ хуралдаж уг шийдвэрийг гаргасан аж.
Одоогоор чөлөөлөгдсөн хүмүүсийн оронд томилгоо хийгдээгүй байна. Учир нь, чөлөөлөгдсөн гишүүдэд шийдвэрээ танилцуулаагүй байгаа аж. Мөн “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханы хувьд гадаад томилолттой эзгүй байгаа юм байна. Ямартай ч, тэдний оронд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар томилогдсон Б.Мөнхбаатар болон Б.Бямбасайханы оронд “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдох хүн “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр томилогдох магадлалтай байна. Харин гурав дахь гишүүнээр хэн томилогдох нь тодорхойгүй байгаа бөгөөд улстөрч хүн томилогдож магадгүй гэнэ.
Юутай ч, энэ лхагва гаригт “Эрдэнэс Монгол” компани болон “Оюутолгой” компанийн ТУЗ хуралдах тов гарчээ. Хурлаар “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг чөлөөлж, шинэ захирал томилох асуудлыг хэлэлцэх аж. Мөн түүнчлэн “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн хурлаар шинэ гишүүдээ танилцуулах бололтой.