Өнгөрөгч хавар УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн гэрээр сэм ороод гарсан гэх шуум тарж байсан билээ. Энэхүү шуум нэлээд газар авсны дараа Ц.Нямдорж гишүүн “Би Х.Баттулгатай уулзаагүй. Тэр хүнтэй уулзах шаардлага байхгүй. Ер нь хойд насандаа ч уулзахгүй биз дээ” гэж байв. Тэгвэл үдэш оройн цагаар Ц.Нямдорж гишүүнийг царай алдаж гэрт нь нууцаар зочилсон гэх Х.Баттулга өөртэй нь холбоотой нэгэн ноцтой бичлэгийг устгуулж чаджээ. Тодруулбал, “Х.Баттулга аа, чамайг Засгаас зайлж байгаад чинь баяр хүргэж байна” хэмээх бичлэг цахим орчноос устжээ. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Х.Баттулгыг Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайдаас чөлөөлөгдөж байгаатай холбогдуулан Ц.Нямдорж гишүүний хэлсэн үгс бүхий энэхүү бичлэгийг МАН-ын бүлгээс уламжлал ёсоор бусад бичлэгүүдийн адил “youtube” цахим хуудаст байршуулаад байсан юм. Тэгвэл бүхэл бүтэн хоёр жил гаруй хугацаанд цахим орчинд байршсан энэхүү бичлэг гэнэт яагаад алга болов, заавал яагаад ганцхан “Х.Баттулга аа, чамайг Засгаас зайлж байгаад чинь баяр хүргэж байна” хэмээх бичлэг алга болов. Сонгуулийн дараахан гэнэт алга болсон энэ бичлэгийг гагцхүү МАН-ын зүгээс л устгах боломжтой гэнэ. Тэгэхээр Х.Баттулгын хүсэлтээр Ц.Нямдорж энэхүү бичлэгийг устгав уу. Ямартай ч, тэр хоёрыг уулзсан гэх шуум үнэн бололтой дог.
Ямартай ч, тэрхүү бичлэгт Ц.Нямдорж: “Би Х.Баттулгатай гурван жил, зургаан сарын хугацаанд нэг Засгийн газарт хамт ажилласан. Сая Х.Баттулга төмөр замын ажлын гэрээг нууж байсан гэж үнэнээ хэллээ. Би тэр гэрээг 2012 оны нэгдүгээр сарын 20-нд Ардчилсан нам засгаас гарсны дараа олж авсан юм. Х.Баттулга “Таван толгой”-г гартаа оруулах гэж оролдоод Орос, Хятад, Солонгос зэрэг оронтой олон хэлэлцээр хийгээд бүтэлгүйтэж, гэрээ ч байхгүй улс хоорондын харилцаа ч үгүй болгочихсон юм. Х.Баттулгыг зүгээр нэг “давхар дээл”-ийг тайлах гэж Засгийн газраас гарч байна гэж би бодохгүй байна. Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болсон мөн эдийн засаг уналтад ороод ирэхээр багаа хаяад зугтаж байна. Энэ бол Х.Баттулгын чаддаг ажил. 2012 онд Ардчилсан нам Засгийн газраас гарахад Х.Баттулга Н.Алтанхуягаасаа түрүүлээд мэдэгдэл хийх гээд байсан. Харин Н.Алтанхуяг нь хулхидуулахгүй гэж сандраад түрүүлж мадэгдэл хийж байсан удаатай. Монгол улс ийм л сайдтай зургаан жил боллоо. Төмөр замын ажлыг Засгаас нэг ч төгрөг авахгүйгээр хувийн компаниуд 2008 оноос эхлүүлчих байсан. Харин Х.Баттулга сайд болонгуутаа уг ажлыг зогсоосон. Гэтэл одоо зөвхөн төмөр замын ажилд 400 сая ам долларыг улсаас гаргана гэж байна. Ардчилсан намын гишүүд Х.Баттулгыг хэн бэ? гэдгийг таньж эхлээд байна. Удахгүй ард түмэн чиний үнэн төрхийг олж мэднэ. Манай улс 2011 онд төмс, хүнсний ногоо, гурилаар дотоодоо хангачих бүрэн боломжтой болсон байсан. Гэтэл хоёр жилийн дотор Улаанбуудайгүй болгож, 100 мянган тонн буудайг гаднаас авлаа. Чи татвараас чөлөөлөх асуудал болон сайд огцруулах болохоор л хуралд суудаг байсан биз дээ. Мөн мөнгө нэхэх болохоор Засгийн газрын хуралдаа суудаг. Бусад үед нь Баянголд байж байдаг нь үнэн шүү дээ. Ийм увайгүй этгээд сайдын ажлаа өгч байгаа нь зөв. Хамгаалаад байх зүйл алга. Энэ засгийн газар Х.Баттулгын тарьсан олон балгийг ард түмэнтэйгээ хамт үүрнэ. Х.Баттулга бол үргэлж далдуур муу зүйл хийдэг. Энэ Засгаас зайлж байгаад чинь баяр хүргэж байна. Энэ засгийнханд хандаж хэлэхэд Х.Баттулгаас салж байгаад нь бас баяр хүргэе. Ер нь Х.Баттулгыг ажлаас нь чөлөөлөх биш төмөр замын асуудалд хариуцлага алдсан гэж үзээд огцруулах ёстой. Энэ хүний хийсэн бузар, булай зүйлийг олонд таниулж зайлуулах ёстой” гэж байдаг юм.
Төгс