Энэ сарын 6-ны өдөр Дорнод аймгийн төв Хэрлэн суманд 7 настай хүүг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Тэгвэл энэ хэргийг амиа хорлосон гэж үзэж байсан цагдаагийнхан хүүг гаднын нөлөөтэй нас барсныг тогтоожээ. Тодруулбал, талийгаач хүү эцгийнхээ гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснээс болж амиа алдсаныг цагдаагийн тогтоосон байна.
Гэмт этгээдүүд ч буруугаа хүлээсэн байна. Талийгаач хүүгийн эцэг өөр эмэгтэйтэй янаг амрагийн харилцаа үүсгэсэн бөгөөд хүүгээсээ болоод тухайн эмэгтэйтэй хамтран амьдарч чадахгүй байгаагаа хэлжээ. Тиймээс тухайн эмэгтэй хүн хөлсөлж хүүгийн амь насыг хохироожээ. Хүүгийн аминд хүрсэн сэжигтэн Б-гийн хувьд энэ жил дунд сургуулиа дүүргэсэн нэгэн бөгөөд захиалгаар хүүгийн амь насыг хохироосноо хүлээгээд байгаа аж.
Тэрбээр хүүгийн хоолойг гар утасны цэнэглэгчийн утсаар боож хөнөөсөн бөгөөд захиалагч эмэгтэйгээс 200 мянган төгрөг авсан гэнэ. Тэгвэл захиалга өгсөн эмэгтэй хувьд ой гарантай нялх хүүхэдтэй нэгэн аж. Одоогоор тус эмэгтэйг хүүгийн амианд хүрсэн Б болон талийгаачийн эцгийн хамт саатуулаад байгаа юм байна. Талийгаач хүүгийн хувьд Дорнод аймгийн төв Хэрлэн сумын 1 дүгээр багт ЕБС-ийн хоёрдугаар ангид сурдаг байсан ба Дорнод аймгийнхан гэм буруугүй бяцхан хүүд зориулж маргааш буюу энэ сарын 28-нд аймагтаа Зул өргөх ёслол үйлдэхээр болжээ.
Түүнчлэн энэ хэрэгтэй холбогдуулан нутгийн иргэдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж цаазын ялыг сэргээж өгөхийг хүсч буйгаа илэрхийлсэн юм. Ер нь сүүлийн үед нийгмийн дорой улбаатайгаар онц хэрцгий гэмт хэргүүд гарах нь ихэсч байгаа бөгөөд бага насны хүүхдүүдийг хэрцгийгээр хөнөөх, хүчиндэх гэх мэт хэргүүдэд цаазын ял өгдөг болмоор байна гэж хэлэх хүмүүс олширч байгаа юм.
Хамгийн сүүлд л гэхэд, 19 настай хүүг 26 удаа хутгалж хөнөөсөн залуу цагаадаж, 19 настай охиныг бүлэглэн хүчиндсэн гурван ламд гуравхан жилийн ял оноож, тав дахь хүүхдээ хэвлийдээ тээж байсан эхнэрээ зодож хөнөөсөн эрийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор зүтгэж буйд олон нийт бухимдаж, иймэрхүү онц ноцтой хэргүүдэд цаазын ялыг ашиглах нь зүйтэй хэмээн үзэх болжээ.
Нинж