2016 онд Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ бараг хоёр дахин нэмэгдэж 1 тонн нь 900 юань буюу 135 ам.долларт хүрсэн юм. Энэ есдүгээр сард Азийн зах зээл дээр Австралийн FOB нөхцөлөөр 1 тонн коксжих нүүрсний үнэ 200 ам.доллар давсан мэдээлэл бий. Ган үйлдвэрлэлийн гол түүхий эд коксжих нүүрсний үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд эрчимтэй өсч байгаа нь Хятадын үйлдвэрлэгчдэд хүндээр тусч байна.
Энэ нөхцөл байдлын улмаас тус улсын төмөрлөгийн томоохон үйлдвэрүүдийн төлөөлөл Ган, төмрийн холбооны /China Iron and Steel Association/ зүгээс эсэргүүцлээ илэрхийллээ.
Өнгөрсөн баасан гаригт Хятадын төрийн өмчит нүүрсний компаниуд үүсч буй нөхцөл байдалд тайвнаар хандаж нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэхээр нэгдсэн зөвшилцөлд хүрснээр тус улсын нүүрсний үнийг зохих түвшинд барина гэж тооцож байна.
Тодруулбал, энэ сарын 23-нд болсон Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны хурлаар эрчим хүчний нүүрсний олборлолтыг 15 сая тоннд хүргэж нэмэгдүүлэх эрхийг дотоодын 74 компанид олгосон байна. Харин коксжих нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх тухай төмөрлөгийн компаниудын хүсэлтэд татгалзах шийдвэрийг гаргажээ.
Гэвч нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэхээр болж буй нь Хятад улсын нүүрсний салбарт баримтлах бодлогын эсрэг үйлдэл болж байгаа юм. Учир нь тус улсын Засгийн газар нь өнгөрсөн хугацаанд байгаль орчинд хор нөлөө үзүүлэх тоног төхөөрөмж бүхий хуучирсан үйлдвэрүүд болоод өр ширэнд баригдан явцгүй болсон уурхайнуудыг хаах бодлогыг хэрэгжүүлж ирсэн билээ. Түүнчлэн нүүрсний уурхайнуудын олборлолт хийх ажлын өдрийг жилд 276 байхаар хязгаарласан юм.
Эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр тус улсын нүүрсний үнийг тогтоон барихад нөлөөлөхөөс гадна дулааны цахилгаан станцуудын ачааллыг бууруулж, станцуудын гол түүхий эд эрчим хүчний нүүрсний үнэ өсөхөөс сэргийлэх аж.
Эх сурвалж:mongolianminingjournal.com