Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрөгч 26-ны өдөр Улаанбаатар хотноо Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Уулзалтад АНЭУ-ын Ерөнхийлөгчийн хүү бөгөөд зөвлөх Шейх Султан бин Халифа бин Зиад Аль-Нахяаныг тэргүүтэй төлөөлөгчид оролцсон ба энэ үеэр Арабын Шейхийн зүгээс Дубай хотоос Улаанбаатар хот уруу шууд нислэг нээхийг манай Засгийн газарт санал болгосон байна. Мөн энэ үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, Монгол Улстай эдийн засгийн салбарт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Ямартай ч, дэлхийн хамгийн хөгжингүй хот Дубайгаас Улаанбаатар уруу шууд нислэг үйлдэх нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон аялал жуулчлалын салбарт томоохон түлхэц болох нь дамжиггүй юм. Түүнчлэн Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан бин Халифа бин Зиад Аль-Нахяан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улаанбаатар хотноо саяхан байгуулагдсан Элчин сайдын яам чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод, цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх саналтай байгаагаа тэмдэглэлээ. Эмиратаас худалдааны ажлын хэсгийг Монголд илгээж, эдийн засгийн хамтын ажиллагааны салбаруудыг судалж үзэх сонирхлоо тэрээр мөн илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайдыг боломжтой цагтаа Арабын Нэгдсэн Эмират Улсад албан ёсны айлчлал хийхийг урьсан юм.