Зэс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Чили улсын төрийн өмчит компани Codelco зэсийн төслүүддээ 2020 он хүртэлх хугацаанд нийтдээ 25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэснээ цуцалж, 20 тэрбум ам.доллар руу бууруулж байсан билээ. Тэгвэл энэ сард тус компанийн удирдлага хөрөнгө оруулалтын хэмжээг дахин бууруулж 2.25 тэрбум ам.доллараар танахаар болсон тухайгаа мэдэгдлээ.
Өнгөрсөн наймдугаар сард хөрөнгө оруулалтыг 18 тэрбум доллар болгож бууруулах тухай хэвлэлүүд мэдээлж байсан ч хараахан шийдвэр батлагдаагүй байсан юм. Ийнхүү хөрөнгө оруулалтаа танахад зах зээлд зэсийн ханш маш доогуур үнэлгээтэй байгаа нь голлон нөлөөлжээ. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн ханш 4763 ам.доллартайгаар хаагдсан байна.
Codelco компанийн тухайд Radomiro Tomic уурхайн төслийг бүтээн байгуулалтыг 2024 он хүртэл хойшлуулж байгаагаа дуулгажээ.
Codelco компанийн захирал Нэлсон Пизарро тус компани 1976 онд байгуулагдсанаасаа хойш санхүүгийн хамгийн хүнд хямралын үетэй нүүр тулгарч байгаа тухай мэдэгдсээр байгаа юм. Тус компани үйл ажиллагааныхаа зардлыг танах хүрээнд цөөнгүй ажилтнаа цомхотгосон. Мөн тус компани улсынхаа батлан хамгаалахын зэвсэгт хүчинд борлуулалтынхаа 10%-ийг олгодог нь үйл ажиллагааных нь хэвийн байдалд саад учруулж буйг тэрбээр онцолжээ.
Тус компанийн хувьд зэсийн үнийн бууралт, өрийн дарамт, үйлдвэрлэлийн бүтээмжийн бууралт, уурхайн зэсийн хүдрийн агууламж багассан зэрэг нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад ихээхэн хүндрэл үүсгэж байгаа юм.
Оны эхний хагасын байдлаар тус компани 97 сая ам.долларын алдагдалтай ажилласан бөгөөд мөн хугацаанд нийтдээ 843 мянган тонн зэс үйлдвэрлэжээ.
Эх сурвалж:.mongolianminingjournal.com