Улсдаа ганцхан байдаг “Түлэнхийн төвийн” барилгын газар олголтын талаар Нийслэлийн Засаг даргын захирамж 2011 онд гарсан байдаг. Тухайн үед Эрүүл мэндийн яамнаас зураг төсөл боловсруулах, зөвлөх сонгон шалгаруулалт зарлаж зураг төслийг “ЭЗТ” гэх компаниар гүйцэтгүүлэхээр болсон ч тэдний энэхүү зураг төслийн ажил өнгөрсөн сард дуусч байгаа тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. ЭМЯ-наас мэдээлэхдээТүлэнхийн төвийн барилгын ажлын талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа “Түлэнхийн төв”- ийн барилга одоогийн байдлаар барилгын архитектор төлөвлөлт буюу дотор гадна орон зайн төлөвлөлт, өрөө тасалгааны зохион байгуулалт, барилгын үндсэн хийц бүтэц, дотор цахилгаан, цэвэр бохир ус, халаалт салхивч, холбоо харилцаа, галын дохиоллын зургийг барилгын салбарт мөрдөгдөж байгаа норм ба дүрэм, стандартыг мөрдөн зураг төслийг боловсрууллаа. Мөн хуучин барилгыг буулгах ажлын төсөв батлагдсан хэмээн мэдэгдсэн юм.
Гэтэл цаана чинь Стандартад нийцэхгүй “хөгшин” барилгаас хөөгдөөд бас л зориулалтын бус байранд үйл ажилагаагаа явуулж байгаа нь эрүүл ахуйд бүр ч нийцэхгүй хэрэг болоод байна гэдгийг “Мөнгөн гүүр” эмнэлгийн Түлэнхийн төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Хишигсүрэн хэлсэн юм.
Нэгдүгээр хороолол дахь “Мөнгөнгүүр” эмнэлэгийн үүдээр ороход л өвчтнүүд нь коридортоо эгнэн суусан ба яр шархны эвгүй муухай үнэр ханхалж байсан юм. Мөн түлэгдсэн өвчитнүүд нь байн байн эмч сувилагчаа дуудаж байлаа. Тэрхүү эмнэлэгт ажиллаж буй эмч сувилагч нар нь үнэхээр ачаалал ихтэй ажиллаж байсныг хэлэх нь зүйтэй байх.
Гурван жилийн өмнө захирамжилсан барилгын ажил одоог хүртэл зураг төслийн шатандаа яваа нь үнэхээр Эрүүл мэндийн салбарын хариуцлагагүй байдал билээ. Мөн улсдаа ганц байдаг эмнэлэгийн байрны газрыг авах гэж санаархсан ховдог шунахай албан тушаалтнуудын явуургүй үйлдлээс болж энэхүү барилгын ажил өнөөг хүртэл саатлаа. Төр засгаас энэхүү ажилд хяналт тавьж халаасны өрөөнд байгаа “Түлэнхийн төвийнхөнийг шаардлага хангахгүй давчуу байрнаас нь түргэхэн гаргах хэрэгтэй байна.
О.Рана
Ugluu.mn