Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Тухайлбал: Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Улаазагалмайн хороотой хамтран “Хархорин” захаар үйлчлүүлж байгаа иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгаа таниулга түгээсэн байна.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Онцгой байдлын ерөнхий газрын харъяа “Жаргалант” уламжлалт, сэргээн засах сувилал, дүүргийн Улаан загалмайн хороо хамтран “Мишээл групп” ХХК-ний байранд гамшгаас урьдчилан сэргийлэх өдөрлөгийг зохион явууллаа.
Энэ үеэр иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх сургалт явуулах, хүүхдүүдийн гамшигтай тэмцэх мэдлэгийг шалгаж “Батламж олгох”, гал унтраах анхан шатны багаж хэрэгслээр гал унтраах сургалт явуулах, гал унтраах, аврах багаж хэрэгслийг танилцуулж иргэдэд ажиллуулан амилуулах суурь тусламжийн зэрэг сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж нийт 450 гаруй иргэнийг хамруулсан байна.
Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа “Жаргалант” уламжлалт, сэргээн засах сувиллын албан хаагчид, уламжлалт эмчилгээний их эмч иргэдийн судас оношлогоо, эмчилгээний зөвлөгөө өгөх, цусан дахь сахарын хэмжээ тодорхойлох артерийн даралт үзэж, пульс, захын судасны хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлж, хөдөлгөөн засалч үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгч , эмчилгээ сувилгааны зөвлөмж тараасан байна.
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан дүүргийн Улаан загалмайн хороо, дүүргийн 14 дүгээр хороотой хамтран “Онцгой байдлын албаны нээлттэй хаалганы өдөр”-ийг “Соёмбо” кино театрын гадна талбайд зохион байгуулж иргэдэд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх зөвлөгөөг 250 гаруй иргэнд өгч ажиллажээ.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Саруул” захын үйлчлүүлэгч иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж 200 гаруй иргэнийг хамруулсан байна.
Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Улаан загалмайн хороо, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Дарь-Эх орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран Жуковын талбайд дүүргийн ерөнхий болосролын 14, 44, 48, 53, 79, 85, 87 дугаар сургуулийн өсвөрийн аврагч хүүхдүүдийг хамруулан анхны тусламжийн үзүүлэх сургалт, гал унтраах дадлага сургууль, хөгжөөнт тэмцээн зэргийг зохион байгуулжээ. Мөн арга хэмжээний үеэр өсвөрийн улаан загалмайчдын мэндчилгээ флаш моб бүжгийн үзүүлбэр, Онцгой байдлын албанд ашиглагдаж байгаа багаж, техник хэрэгслийн танилцуулга олны анхаарлыг татсан байна.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Нарантуул-2 худалдааны төв, дүүргийн 12 дугаар хороо, дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран өдөрлөг зохион байгуулж Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын зорилго, зорилт албаны үйл ажиллагаа болон Онцгой байдлын албанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын аврах ажиллагааны техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ард иргэдэд сурталчлан болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх өөрийгөө болон бусдыг аврах мэдлэг олгох зорилгоор найман төрлийн 2500 ширхэг санамж сэрэмжлүүлэг, брошур гарын авлага тараасан байна.
ОБЕГ