Торгоны замын олон улсын бага хурал үргэлжилж байна

11d4ed6296a961d05c4232e27f0d9140_large

“Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал өнөөдөр Туушин зочид буудалд эхэллээ. Хурлыг   НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, БОАЖЯ, “Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” олон улсын байгууллага, Нийслэлийн Засаг даргын тамгын газар   хамтран зохион байгуулж байна. УИХ-ын дарга М.Энхболд, НҮБ- ын ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбооны тэргүүн Донг Ян Жанг болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  нар хурлыг нээж үг хэлэв. Улсын Их Хурлын дарга М.Энхболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Даяаршиж буй өнөө үед аялал жуулчлал нь дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай өсч байгаа салбарын нэг бөгөөд олон сая ажлын байрыг бий болгож, үл үзэгдэгч экспорт, утаагүй үйлдвэрлэл хэмээн зүй ёсоор нэрлэгддэг, хөрөнгө оруулалтыг урамшуулдаг, ядуурлыг бууруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангадаг, хөгжлийн түүчээ нь болж чаддаг, хамгийн энх тайванч, аливаа бүхнээ бусадтай хуваалцдаг гайхамшигтай салбар болж байгаа билээ. Өнөөдөр нийгэм өөрөө аялал жуулчлалын хүчирхэг эрэлтийг бий болгож, өндөр хөгжилтэй орны иргэд өөрсдийн хэвшмэл ахуйгаас өвөрмөц соёл, иргэншил, онгон дагшин байгалийг зорин очихыг эрэлхийлдэг болжээ.

Энэхүү хандлага нь аялал жуулчлалын зах зээлд өөрийн өвөрмөц дүр төрхөөр оролцох давуу боломжийг улс орнуудад олгож байна. Энэхүү салбарын бий болгодог эдийн засгийн өсөлт, ажлын байр, хөгжлийн боломжуудыг дагаад тогтвортой байдлын үүрэг хариуцлага ирдэг. Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2030 он хүртэл батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд уг баримт бичигт “Монгол Улс нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болно.” хэмээн цаашдын аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлсон. Цаашид бид тогтвортой хөгжлийг хангахын тулд хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, улс орны экспортыг нэмэгдүүлж, орон нутгийн иргэдэд ажлын байр олноор бий болгодог, соёл, түүх, байгалийн нөөцдөө түшиглэсэн, шавхагдашгүй нөөц бүхий аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих бодлогыг баримталж ажиллах болно хэмээн онцлон тэмдэглэв.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Та бүхэнтэй нүүдэлчдийн ёсоор мэндчилж, амар мэндийг тань эрье. Монгол нүүдэлчдийн ёсонд  зөвхөн мэндлэхдээ 300 гаруй янзаар нарийг дэг баримтлан мэндэлдэг ёс бий. Нүүдлийн соёл гэдэг нь гагцхүү нэг газраас нөгөө газар рүү нүүдэг хөдөлгөөнт байдлыг хэлэхгүй. Нүүдлийн соёл нь байгальтайгаа хэрхэн шүтэлцээтэй орших гүн ухааныг шингээсэн утга төгс, бэлгэдэлээр дүүрэн соёлыг хэлнэ хэмээв. Мөн тэрээр Монгол Улс нүүдлийн соёл иргэншил, байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн эрчимтэй хөгжиж буй, орчин цагийн цөөн орны нэг юм. Нүүдэлчин өвөг дээдсийнхээ байгальтайгааа зэрэгцэн орших ухааныг бид мартахгүй байхыг хичээж байна. Тиймээс монголчуудын хувьд “Утаагүй үйлдвэрлэл” гэгддэг аялал жуулчлалын салбар нэн ач холбогдолтой чухал салбар болохыг онцолсон. НҮБ-ийн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай  нээлтийн үгэндээ олон улсын хэмжээнд Монгол Улсыг аялал жуулчлал хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой, манлайлах үүрэгтэй, асар их нөөцтэй орон гэж хүлээн зөвшөөрч байна. Тиймээс өнөөдрийн энэхүү хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Монгол Улс нүүдлийн аялал жуулчлал, Торгоны замыг зайлшгүй манлайлах үүрэгтэй орон. Ямар ч улс оронд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлснээр гадаадад худалдааны тэнцэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт гэхчлэн эдийн засгийн олон сайн ач холбогдолтой  хэмээсэн. Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбооны тэргүүн Донг Ян Жанг “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурлыг хамтран зохион байгуулж, цаашдаа Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, тодорхой зорилго, төлөвлөгөөтэй ажиллаж байна гэв. Түүний дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар  хотын захирагч С.Батболд үг хэлсэн.

Монголд анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү хуралд Торгоны замын гишүүн улс орон, НҮБ-ын Ах дүү хотуудын холбоо, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл нийтдээ 300 гаруй зөчид төлөөлөгчид гурван өдрийн турш Улаанбаатар хотод чуулах юм. Энэ өдрүүдэд талууд  аялал жуулчлалын салбарт цаашид баримтлах бодлого, тулгамдаж буй асуудал зэрэг асуудлыг хөндөн илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна хэмээн БОАЖЯны ХМАаас мэдээллээ.

БОАЖЯ

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …