МУГЖ, дуучин Д.Энхзулын хүү дуучин Э.Чинбаяр “Аз жаргалын цэцэг” нэртэй анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо Монгол бөхийн өргөөний тайзнаа нэгэн орой эгшиглүүлж, сонсогч түмнээ баясгалаа. Түүний хувьд өмнө нь ээжтэйгээ хамтран дөрвөн ч удаа уран бүтээлийн тоглолтоо толилуулж байсан бөгөөд энэ удаад түүний тав дах удаагийн тоглолт болж өнгөрсөн гэдгээрээ онцлог юм.
Тоглолтын гэнэтийн бэлэг
Өмнө нь дөрвөн ч удаа гавьяат ээжийнхээ хамтаар уран бүтээлийн тоглолтоо хийж байсан Э.Чинбаяр энэ удаагийн тоглолтын үеэрээ СТА гэх эрхэм хүндтэй цолыг хүртсэн байна. Ийнхүү СТА цол тэмдгийг залуу хүний хөдөлмөрч зан, бүтээн туурвисан үйлсээрээ үнэлэгдэж, “болзол хангасан” гэх зүй ёсны үндэслэлээр хүлээн авсан нь тоглолтын хамгийн сайхан хэсгүүдийн нэг байлаа. Үүндээ урамшсан шинэхэн СТА Э.Чинбаяр эх орноо нар зөв тойрон, хайртай түмэндээ халуун сэтгэлийн ая дуугаа өргөхөөр сэтгэл шулуудсан мэдээгээ дуулгасан нь үнэхээр гэнэтийн бэлэг болж чадсан шүү.
Тоглолтын зохион байгуулалт
Тус тоглолтыг “B sound” продакшны захирал, дуучин Б.Болд продюссерлан ажилласан. Гэр бүлийн хамтаар уран бүтээлээ туурвидаг хос дуучдын нэг болох тэд уран бүтээл нэгт найзынхаа тоглолтод бүхий л сэтгэл зүрхээ дайчлан ажиллаж байгаа нь тодхон харагдаж байна лээ. Тэгээд ч тэдний хувьд өөрсдийн уран бүтээлийн тоглолтуудаа ч “бие даан хариуцдаг” бөгөөд өмнө нь тоглолт зохион байуулж байсан туршлагатай учраас “Аз жаргалын цэцэг” тоглолтод ихэд хариуцлагатай, зохион байгуулалт сайтай ажилласан нь үзэгчдийн нүднээ илхэн харагдахын сацуу бүтэн хоёр цагийн турш үзэгчдийн суудалд суусан фэнүүд нь тоглолт өндөрлөсний дараа ч суудлаасаа босолгүйгээр Э.Чинбаярыг дахин дуулахыг хүсэж байсан шүү. Үүнээс үзэхэд энэ удаагийн тоглолт уран бүтээлчдийн хэлж байсанчлан “билетний борлуулалтад бус, сонсогчдынхоо сэтгэл ханамжид нийцсэн” тоглолт болсноороо онцлог байлаа.
Тоглолтын чимэг болсон “гурван гавьяат”
МУГЖ, дуучин Д.Энхзул, МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУГЖ Х.Болормаа нар энэ тоглолтын бас нэгэн чимэг болж байсан юм. Тэднийг 13 жилийн дараа анх удаа нэгэн тайзнаа хамт гаргасан нь энэхүү тоглолтын зохион байгуулалтын өвөрмөц нэгэн санаа байсан гэж хэлэхэд болно. Мөн тоглолтод нэгэн үеийн авьяаслаг, залуу уран бүтээлчид оролцон ая дуугаа өргөсөн билээ.
Тоглолтын үр дүн
Туршлагатай продюссер, сайн дуучин, чадварлаг хамт олны баг бүрэлдэхүүний хамтын үр дүн үзэгчдийн сэтгэлийг гонсойлгосонгүй. Мөн урлагт хайртай, түүнийхээ төлөө зүтгэж яваа нэгэн үеийн уран бүтээлч залуус бие биедээ дэм болж, өгсөх амьдралын харгуйд ч, үнэнч нөхөрлөлийн хувьд бие биетэйгээ хамтдаа гэдгээ харуулсан тоглолт болсон юм. Үзэгчдийн халуун дулаан уур амьсгал хоёр цагийн турш Монгол бөхийн өргөөг халуун элчээрээ төөнөж, эгшиглэх аялгуу бүхнийг нь даган дуулж байлаа. Ингээд “Аз жаргалын цэцэг” нэртэй нэгэн сайхан тоглолт энэ үдшийг аз жаргалаар хөглөн, хийсэн бүтээснээ үнэлүүлсэн, маш сайн зохион байгуулалтын дор болж өндөрлөлөө.
PAPARATSI.MN