“Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ-аас хотын даргатай уулзах үеэрээ дахин төлөвлөлтөд хамрагдаж, газраа чөлөөлсөн иргэдтэй гэрээ хийсэн компаниуд орон сууцаа барьж өгөхгүй байгаагаас иргэд хохирч байгаа талаар дуулгасан.
Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболд дахин төлөвлөлтийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгээс иргэдтэй уулзаж, дахин төлөвлөлтийн орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүйгээс 400 гаруй айл өрх хохирч, дүн өвлийн хүйтэнд орох оронгүй болж үлдсэнийг Засаг даргад танилцуулсан байна. Тиймээс хотын удирдлагууд дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж, компаниудын хариуцлагыг дээшлүүлж, түр суурьшлын орон сууцыг өргөжүүлэх шаардлагатай гэж үзэн, бодлогоор дэмжихээр болсон. Эхнээс нь айл өрхүүдийг дамжин өнгөрөх орон сууцанд оруулж, түлхүүрийг нь гардуулан өглөө. Мөн орон сууцны нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Сэлбэ дэд төв дэх “Үйлчилгээтэй 50 айлын орон сууц”-нд орсон иргэдтэй уулзлаа. Газраа чөлөөлснөөс хойш хэцүүхэн нөхцөл байдалтай амьдарч байсан иргэд өвлийн хүйтнээс өрсөж дулаахан, тохилог сууцтай болсондоо баяртай байгаагаа хотын даргад хэлж байсан юм.
Мөн “Баярс констракшн” компанийн 132 айлын орон сууцанд түр амьдрах айлуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар түлхүүр гардуулан өглөө.
Харин БЗД-ийн 14-р хороонд амьдарч байсан 23 өрхөд дахин төлөвлөлтөөр баригдсан цоо шинэ орон сууцных нь түлхүүрийг гардлуулан өгсөн юм. “Бүрд костракшн” 14-р хорооны 142 айлыг нүүлгэж, 7,5 га газрыг чөлөөлсөн байна. Ингээд 142 айлд 9800 м2 182 айлын орон сууц, 30 гаруй дулаан зогсоол өгөх ёстойгоос эхний ээлжинд 114 өрхөд 148 айлын байр, 20 гаруй дулаан зогсоолыг энэ сард багтаан олгож байгаа юм. Хашааны газраа чөлөөлж, “Амартүвшин” хотхонд тохилог орон сууцандаа орсон иргэд ам сайтай байна. Хотын дарга С.Батболд энэ үеэр “Гэр хорооллыг орчин үеийн орон сууцны хорооллоор солих дахин төлөвлөлтийн ажилд олон компани оролцож байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс дахин төлөвлөлтийн ажлыг шинэ зарчмаар цааш үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Одоо ажлаа үр бүтээлтэй явуулж байгаа компаниудтай гэрээг цааш үргэлжлүүлж, дахин төлөвлөлтөд орсон газруудыг эрчимтэй барилгажуулна гэж үзэж байна. Үүнээс гадна энэ ажлыг иргэдэд хохиролгүй хийх хэрэгтэй. Өнөөдөр дамжин өнгөрөх шинэ орон сууцандаа орж байгаа та бүхэнд аз жаргал хүсье.” гэлээ. Цаашдаа Нийслэлийн удирдлагын зүгээс гэр хороололын дахин төлөвлөлтөөс үүдэн орох оронгүй, газаргүй, өмч хөрөнгөгүй үлдэж, хохирдог байсныг таслан зогсоож, иргэддээ ээлтэй, хотын шинэ төлөвлөлтийн бодлогын хүрээнд орон сууцжуулах ажлыг хийнэ гэдгийг онцолж байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар мөн “Гэр хорооллын дахин төлөвлөлт” ийн асуудлыг хэлэлцэж, Нийслэлийн өмчийн мэдэлд “ Дамжин өнгөрөх“ орон сууцыг бүртгэх, иргэдээ хохиролгүй болгох, гэр хорооллын дахин төлөвлөлтийг зөв бодлогоор, зөв шийдлээр, Төр – Иргэн – Барилгын компани гэсэн гурвалсан гэрээг хатуу хийнэ гэдгийг ч тодотгож байна.
“Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийнхэн хүйтний улирал эхэлж байгаа энэ үед иргэдээ орон сууцаар хангах, хохироохгүй байх асуудалд Нийслэлийн удирдлагууд үр дүнтэй , шуурхай арга хэмжээ авч өгсөнд талархлаа.
Өнгөрсөн 4 жилийн турш айлын хажууд, өндөр түрээстэй байр, хамаатныхаа хашаанд гэр барьж, мөнгө ч үгүй, орох оронгүй болсон иргэдийн хувьд энэ өвөл өнтэй сайхан өвөлжиж, ирэх жил шинэ байрандаа орох сайхан мэдээ дуулгасанд баяртай байгаагаа хэлж байлаагэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.