БСШУС-ын сайд Ж.Батсуурь орон нутагт ажиллаж, салбарын багш, албан хаагчидтай уулзаж, сургууль цэцэрлэг, биеийн тамир, соёлын байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж байгаа билээ.
Энэ хүрээнд тэрбээр Улаанбаатар хотын дүүргүүдэд ажиллаж эхлээд байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Налайх дүүрэгт ажилласан бол энэ удаад Сүхбаатар дүүрэгт ажиллав. БСШУС-ын сайд Ж.Батсуурь Сүхбаатар дүүргийн 45, IVсургууль, 216, 149 дүгээр цэцэрлэгүүдэд ажиллаж, үйл ажиллагаатай нь биечлэн танилцлаа. Сүхбаатар дүүргийн хувьд төвийн бүсийг хамардаг бусад дүүргүүдтэй харьцуулахад сургууль цэцэрлэгийн хүрэлцээ сайн, гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй, хувийн хэвшлийн цэцэрлэгийн үйл ажиллагаа ихтэй зэрэг давуу талуудтай юм байна. Гэхдээ нийслэлийн IV сургуулийн барилгын насжилт өндөр учир дээвэр нь хуучирч, дусаал гоожиж эхэлжээ. Сургуулиасаа жил бүр урсгал засвар хийж, шал тааз, хаалгаа шинэчилдэг ч их засвар хийж чаддаггүй байна. Тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг уулзалтын үеэр онцлов. Салбарын ажилтан, албан хаагчдын уулзалтад 500 орчим багш, албан хаагчид оролцож, тулгамдаж буй асуудлын талаар санал, бодлоо солилцлоо.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IV сургуулийн сурагчид БСШУС-ын сайдыг угтав. /Тухайн өдрийн жижүүр ангийн сурагчид/
Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр нурах аюултай барилгын жагсаалтад багтаж, хувьчлагдах тухай яригдаж байсан “Хүүхдийн Урлан бүтээх төв”-д 1500 гаруй хүүхэд суралцдаг. Сүхбаатар дүүрэгт байрлах “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзлаа.
Сүхбаатар дүүргийн салбарын мэргэжилтэн, багш, ажилтан албан хаагчидтай уулзаж, Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлийг танилцуулав. Мөн тэдний санал, бодлыг сонсч, асуултад хариулт өглөө.
БСШУСЯ