Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дарханы 10мвт нарны цахилгаан станц”-ын байгууламжийн гүйцэтгэл 90 гаруй хувьтай явагдаж байна. Тус станц нь ОХУ-аас импортоор авч байгаа эрчим хүчний хэмжээг багасах, бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчний системд холбоход ихээхэн ач холбогдолтой.
Дээрх байгууламжийн үйл ажиллагаатай аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга тэргүүтэй холбогдох мэргэжилтнүүд энэ сарын 25-ны өдөр танилцлаа. Энэхүү нарны цахилгаан станцыг дотоодын “Solar power international”, Япон улсын “Sharp” корпорац, “Shigemitsu shoji” компани хамтран 17.5 сая ам долларын хөрөнгө оруулалтаар байгуулж байгаа юм.
Станц нь 12 дугаар сарын 25-ны өдөр Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдсоноор “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-д эрчим хүч нийлүүлж эхэлнэ. Тус нарны цахилгаан станц нь нийт 32274 ширхэг нарны модуны тусламжтайгаар жилд 14.1 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх юм. Энэ нь 20,000 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ хэмээн “Solar power international” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр ярилаа.
Нарны цахилгаан станц нь жилд 14,746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх бөгөөд цахилгааны холболтын кабель нь манай орны -30 хэмээс -40 хэмийн хүйтэн эрс тэс нөхцөлд найдвартай, өндөр үр ашигтай ажиллах шаардлагыг хангана гэж тооцоолжээ. Энэ нь эргээд байгаль орчинд хор хөнөөлгүйн дээр бусад аймаг орон нутгууд эрчим хүчний эх үүсвэрээ шинэчлэх үүд хаалгыг нээж байгаа хэрэг гэдгийг уг станцын үйл ажиллагаатай танилцах үеэр аймгийн удирдлагууд онцолж байлаа.