Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ардчилсан нам иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ямагт хүндэтгэж ардчилсан сонгуулийн зарчимд үнэнч байж ирсэн. Бид сонгуулийн үр дүнг МАН шиг “хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэж байгаагүй.
Ардчилсан нам Улсын их хурал болон аймаг, Нийслэл Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн дараа эрх баригч МАН-ын зүгээс сонгуулийн амлалтаасаа буцаж, /Ахмадын хамтын тэтгэвэр, хүүхдийн мөнгө, 36 сарын тэтгэмж, оюутны тэтгэлэг 70.000, хүүхэд харах үйлчилгээ, гэр хорооллын дахин төлөвлөлт, сайн хашаа, төрийн албан хаагчдыг хоморголон халсан гэх мэт/ урьдах бүхнээ үгүйсгэхэд хүлээцтэй хандаж ирсэн.
Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн үеэр эрх баригчдын зүгээс гаргасан хууль бус үйлдлүүд нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг боомилсон цаашид буруу жишиг тогтоох ноцтой үр дагаварыг бий болголоо гэж Нийслэлийн Ардчилсан нам дүгнэж байна.
Сонгуулийн хороо, санал авах байрны ажилтнуудыг томилохдоо эрх баригчид урьд нь сургалтанд сууж сертификат аван Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн албан хаагчдаас бус хууль зөрчин өөрийн хүмүүсийг томилсон нь сонгуулийг будлиантуулахаар эртнээс төлөвлөсөн ажиллагаа байжээ гэж бид үзэж байна.
Ихэнхи сум, дүүрэгт ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэхгүй хасч, зарим газар өрсөлдөгчгүй сонгууль болсон нь иргэний сонгогдох эрх, сонгогчдын сонгох эрхийг бүдүүлгээр хаасан хууль бус үйлдэл гэж Нийслэлийн ардчилсан нам үзэж байна.
Сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам ялалт байгуулсан Баянзүрх дүүрэгт ард түмнээс сонгогдсон 6 нэр дэвшигчийг хууль бусаар хассан үйлдэл нь Монгол улсын сонгуулийн 26 жилийн түүхэнд гарч байгаагүй бусармаг явдал болж, сонгуулийн ардчиллыг үгүй хийн, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн үйл ажиллагаагаа даруйхан зогсоохыг МАН-аас Нийслэлийн Ардчилсан нам шаардаж байна.
Ард түмний сонголтыг үгүйсгэсэн хууль бус энэ үйлдлийн хажуугаар дуугүй өнгөрвөл маргааш таны эрх, эрх чөлөө ч байхгүй болно гэдгийг нийт иргэддээ анхааруулж байна. Учир иймд Нийслэлийн Ардчилсан нам цаашид эрх баригчдын хууль бус үйлдлүүдийг тэвчихгүй бөгөөд ялангуяа, хувь хүний үндсэн эрхийн төлөө иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэмцэхээ мэдэгдэж байна.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Эрдэнийн Бат-Үүл
2016 оны 10 дугаар сар 26