Монгол Улсын нийслэлийн хүндэт иргэдээ
Хүнээ дээдэлсэн үзэлд суурилсан бодлого хэрэгжүүлнэ гэдгээ амласан Улаанбаатар хотын удирдлагын шинэ баг ажлаа эхлүүлээд 100 хоног өнгөрчээ. “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрөө батлуулж, бидэнд итгэл хүлээлгэсэн иргэдийнхээ сонголтыг зүтгэлээр хариулахаар ажиллаж байна. Нийслэлийн шинэ удирдлага энэ хугацаанд иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангах асуудалд түлхүү анхааран ажилласнаа дурдахад таатай байна.
Залуусыг ажлын байраар хангах талаар “Нэг өрх-Нэг ажлын байр” бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн иргэдийнхээ амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн “Урамшуулалт эргүүл”-д 2500 иргэнийг бүртгэж, ажлын байртай болголоо.
Нийслэлийн ирээдүйн хөгжлийг хангасан дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлэхэд хот байгуулалтын үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна. Эрүүл мэнд, нийгмийн салбарын бүтээн байгуулалтыг онцгойлон дэмжиж ажиллахын зэрэгцээ Хавдар судлалын үндэсний төв, “Элэг бүтэн Монгол” сантай хамтран элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж авах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Элэгний өвчлөл эрс нэмэгдэж буй энэ үед иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хийж буй ажлын эхлэл юм.
Хот төлөвлөлт болон хөгжлийн бодлогодоо шинэлэг санаа, шинжлэх ухаанд тулгуурласан судалгааг тусгахыг зорьж, НИТХ- ын дэргэд “Эрдэмтдийн зөвлөл”, ”Экспертийн зөвлөл”-ийг байгууллаа.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг “Зөв шийдэл, зөв төлөвлөлтөөр явуулах” бодлого баримтлан ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд гэр хорооллын дахин төлөвлөлтөөс үүдэн гэр орон, хашаа байшингүй болсон 400 өрхийн 1500 иргэний асуудлыг өвлөөс урьтан шийдэж, эхний ээлжинд 235 өрхийг дамжин өнгөрөх, түрээсийн түр орон сууцанд орууллаа. Цаашид дахин төлөвлөлтийг иргэдийнхээ эрх ашгийг тэргүүнд эрэмбэлэн үргэлжлүүлэх болно. Баянхошуу, Долоон буудал орчмыг дахин төлөвлөн хөгжүүлж, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бүрэн шийдсэн 200 мянган хүн амьдрах боломжтой төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийслэлээ “Ногоон хот” болгох зорилтын хүрээнд Толгойтоос Амгалан өртөө хүртэл төмөр зам дагуу Сибирийн 4 метр өндөртэй 8000 нарс мод тарилаа. Мөн “Спортлог Улаанбаатар” хот болох шат дараатай ажлын эхлэл болгон Богд уулын аяллын замыг тохижуулж, ашиглалтад хүлээн авлаа.
Иргэнээ дээдэлсэн, эрүүл, аюулгүй, аз жаргалтай хотын төлөө нийслэлийн шинэ багийг дэмжиж ажиллана гэдэгт нийслэлийн оршин суугч Та бүхэнд итгэж байна.
Та бүхний итгэлийг дааж, бид хамтдаа “Аз жаргалтай Улаанбаатар” хотоо бүтээн байгуулж, хөгжүүлье.
Дөрвөн зууны түүхтэй нийслэлийн иргэн Та сайхан баярлаарай.