Салъя, хоёулаа ер нь л бүтэхгүй юм байна, дахиж битгий залгаарай гэж түүний шийдэмгий хэлсэн үг чихэнд дүнгэнэн холдож ойртох нь тэртээ тэргүй хэцүү байхад улам ч дордуулан зүрхийг нь зүүгээр шивэх мэт өвтгөнө. Юу буруу хийснээ бодоод бодоод олсонгүй, өөртөө байгаа бүх л зүйлээ дуслын чинээ хармын сэтгэлгүйгээр ганцхан түүнд л зүриулж байсансан. Түүнийг би хайраар дутаал уу? үгүй ээ дутаагүй, дутсандаа биш хэтэрхий ихэдсэн болохоор тэр эргэж ч харалгүйгээр намайг орхиод явчихсан. Юу ч мэдэхгүй нялх хүүхэд хүнгүй талд төөрчихсөн мэт үүлгэртэн толгойд ганцхан яагаад тэгж байгаа юм бол л гэсэн бодол эргэлдэж,энэ бүх зүйл зүүд ч юм шиг нэг л итгэж өгөхгүй өөрийгөө зовоож байлаа. Ямар ч сайхан зүйл хэмжээнээсээ хэтэрвэл хэнд ч хэрэггүй болдог гэж хаа нэгтээ сонсож байсан санагдахад түүнийг буруушааж байсан сэтгэл минь өөрийгөө буруутгах бодлоор солигдон гомдлын нясуун нулимс хацар дээгүүр минь зам татуулан шанхыг минь даган урсаж байлаа.
Тэр байхгүй өнгөрсөн сүүлийн хэд хоног ямар ч утгагүй, идэвхгүй, идсэн хоол хүртэл амтгүй,эрхгүй зажилаад л амтыг нь мэдрэхгүй хоолойгоо давуулж байлаа. Хамт байсан үеүүд нүдний өмнүүр жирэлзэн өнгөрч бодохоор л сэтгэл хөндүүрлэн хоолой дээр юу нь ч мэдэгдэхгүй бул хар юм тээглэн өөрийн эрхгүй нүдэнд нулимс мэлтэгнэнэ. Залгаад ярьчихъя, эсвэл мэссэж бичээд үлдээчихье гэхээр бас бардам зан, эрэгтэй хүн гуйхгүй шүү гэсэн бодол минь санасан сэтгэлийг дийлээд болох биш.. Ганцхан хүнийг бодож шаналаад мэлрээ өвчин туусан хүн шиг байхаас залхсан би хар багаас нөхөрлөсөн цоглог сэргэлэн найз охин Цацралтай уулзаж сэтгэлээ сэргээхээр шийдлээ. Хотын хамгийн дэгжин залуус цуглардаг шөнийн цэнгээний том төмөр хаалгаар оровуу гүү юу нүүгэлтэн сааралтсан тамхины саарал утаа хоолой, нүд хорсгон энд тэндгүй ногоон, хөх,шар, улаан өнгийн неон гэрлүүд анивчин шал өөр миний мэдэхгүй нэгэн ертөнц намайг угтсан юм. Найз охиныхоо зөвлөгөөг даган үсчин орж ороолгон янзлуулаад, өөрт байгаа хамгийн өндөр өсгийт,богино банзал, бариу цамцаа сонгож амьхандаа л сүрхий гоёсон би гэдэг хүн бага зэрэг биеэ барьж байсан хэдий ч ганцхан энэ өдөр л ухаанаа алдталаа уугаад,хаана байгаагаа мартталаа бүжиглэхийг хүсч байсан юм. Уулаа, идлээ, бүжилээ, согтлоо.. Тал бүрээс өдөж хоргоон шүлэнгэтсэн өлөн харцнаас залхсан би ариун цэврийн өрөө орохоор бүдрээд уначихгүйг хичээн дэнжигнэн алхлаа. Дэлхий нэг л хурдан эргээд ч байх шиг, нүдэнд харагдах бүхий л зүйл дайвалзан дотор муухай оргино, Зулаа одоо болно, хэтрүүлчиж гэж өөрөө өөртөө шивнээд 00-ын өрөөнд албан хүчээр дотор гэдсээ эргэтэл бөөлжиж аваад гарлаа. Баарны тэйкний урдуур алхан суудал хүртэл алхах замдаа бүжгийн талбай дээр бүжих залуус руу нүд гүйлгэн харж явтал ягаан өнгийн цагаан судалтай хос подволкоор ижилссэн сүрхий нялуун хос нүдэнд тусах нь тэр.
Бадрах хамт байсан бол гэсэн бодол өөрийн эрхгүй урган саяын хосын залуу нь тэр минь болж харагдаж байх юм. Өө балай хүүхэн чинь согтоод бүр хий юм харж байх шивдээ гэж бодон толгойгоо сэгсрээд Цаца дээр очин хажууд нь суувал найз маань зовнил дүүрэн нүдээр надруу хараад чихэнд минь Бадрах цаана чинь нэг хүүхэнтэй явж байна, хараагүй юм шиг байж байгаад гаръя гээд гуйсан маягтай царайчилан Шрекийн муурны нүдээр ширтлээ. Би хий юм хараагүй аж, хувцасаа хүртэл хослуулан өмсөж тэврэлдэж үнгэлдээд нүдэнд тороод байсан 2-ын залуу нь Бадрах мөн байж.Амьдралынхаа хамгийн жаргалтай мөчид байгаа мэт малийтал инээн,нөгөө хүүхнийхээ гараас тас зууран хацар уруул гээд л таарсан газраа үнсэн нялганаж байх юм. Мөрөө хүрсэн гялалзсан тэгшхэн тайрмал үс, дэрвийсэн урт өтгөн сормуус,булгийн ус шиг хүнхэр хар нүд,гоолиг нарийхан бэлхүүс, урт нарийхан хуруунууд гээд л харваас л уяхан туяхан эмэгтэй хүний хамаг сайхан шинж бүрдсэн намайг бодоход хөөрхөн бүсгүй юмаа. Согтуу ухаанд голын хайртай Бадрах маань сэтгэлд,нүдэнд багтаад очоод алгадаад унагаачихмаар ч юм шиг бодогдоод Цацагийн хориглосон үгийг тоолгүй шийдэмгийгээр алхаж очоод Бадрахын нүүрэнд бараг тулж зогсов.
-Бадрахаа, сайн уу? Найз охинтойгоо явж байгаа юм уу тэ? Яасан ч хурдан амжуулаавдээ. Хэрүүл өдсөн маягтай хоолойгоо аль болох шахан хөмсөгөө зангидлаа. Өнөөх хөөрхөн охин бүлтийн юу вэ гэсэн маягтай гайхсан харцаар надруу харна. Бадрах харин юу ч болоогүй юм шиг хамраа сөхөн өнөөх охиноо тэврээд чамаас хол илүү гэсэн маягаар ярвайсхийснээ
-Хүүе, сайн уу Зулаа. Яасан сонин хүн бэ? Харин найз нь найз охиныхоо төрсөн өдрийг тэмдэглээд л явж байна гэж үгээ унжруулан ихэмсэг хэллээ. Хайртай хүндээ хаягдсан сэтгэл минь миний залууг булаасан танихгүй охинд атаархах, өөрийгөө голох өөдгүй бодолтой сүлэлдэн дүүртэл мод чихсэн пийшин шиг дэлбэрэх шахан цэнгээний газраас Цацад хөтлүүлэн гарсан юм. Ер нь бодоод байхад Бадрахтай нийлсэнээс хойш өөрийгөө үнэлэх үнэлэмж минь бага багаар багассаар юу ч үлдээгүй болсон бололтой. Бадрахыг сайн сайхан явуулах гэж өөрийгөө мартаж орхисон бололтой, гэртээ очоод толинд харвал дөнгөж 24, 25 хүрч яваа залуухан бүсгүй биш нүднийхээ доогуур бага зэрэг үрчлээ суусан, харвин өөх нь 2 талаараа унжсан 2 хүүхэд гаргаад өсгөж яваа болов уу гэж хэлэхээр болсон мяраалаг бүсгүй ширтэж байх юм. Засууж янзлаагүй удсанаас хэлбэрээ алдан эр хүнийх шиг палбийж ургасан хумс,гялалзсан гялтгар өөрийн өнгөө алдан хөрзийж салаалсан задгай үс..Өөрийгөө хараад дур гутан,үзэн ядлаа. Зулаа, чи ийм байгаагүй шүү дээ. Их сургуульд сурдаг байхад сургуулийн хамгийн дажгүй гэгддэг залуус түүнийг болзоонд урих гэж өрсөлдөн залхаадаг байсансан. Тэдэн дундаас л Бадрахыг өөртөө тохирно гэж сонгож байсан хэдэн жилийн өмнөх тэр үе кино үзэж буй мэт нүдний урд тодорлоо.
Дуусч өгдөггүй шорвог гашуун нулимс дахиад л зам татуулан урсана… Маргааш өглөөнөөс эхлэн өөрийгөө өөрчилөхөөр шийдэн эрчимтэй үйл ажиллагаагаа эхэллээ. Фитнесс клубт бүртгүүлэн, найз бүсгүйчүүдтэйгээ саунд сууж чөлөөт цагаа өнгөрөөн, түүхий ногоо сүү таргаар ходоодоо баярлуулж, дор хаяж 2 шил шар айраг хоослож байж унтдаг байснаа больж шар айраг, пиво гэдэг үгийг үгийн сангаасаа авч хаясны 2 сарын дараачаас өөрийн эрхгүй өөрт минь нөр их хөдөлмөрийн минь үр дүн мэдрэгдэж эхлэв. Бэлхүүс минь тодрон нарийсаад унжиж санжаад байсан өнөө харвин өөх хаашаа ч юм ор сураггүй алга болж өнгө зүс засан жавхаажаад ирсэнээ мэдрээд улам ч урам орон бүр л сайхан болохыг тэмүүлж эхэллээ. Долоо хоногт хамгийн багадаа 2 удаа үсчин гоо сайхнаар үйлчлүүлдэг болж,үс зүс хумс хуруу минь үргэлж гялалзан гялтганаж явдаг болов. Яг л урьдын адил залуусын сонжиж сонирхсон харц надаас салахаа больж өөртөө итгэх итгэл минь буцаж ирсэн байлаа. Хичнээн баяртай байсан гээч, юунд санаа зовохгүй наргиж цэнгээд,хэн нэгэнд тайлан тавьж гэртээ харилаа гэсэн мэссэж дуудлагыг хүлээж суухгүй өөрийнхөө хүссэнээр байх, Бадрахын тухай бараг л мартаж орхиж.
Шинэ найз залуутай ч боллоо.Ухаантай,сайхан сэтгэлтэй, царайлаг, хүнлэг гээд л хүнд байж болох хамгийн сайн сайхан бүрдсэн хүнтэй учирсан ч тэр бүх зүйл нь биш ганцхан намайг хайрласан хайранд нь би хайлчихсан юм. 12-р сарын 24-ны өдөр..Зул сарын өмнөх өдөр..Хайрттайгаа хөтлөлцөн хотын гудамжаар гэрлүү нь алхаж явлаа. Гэрлэн чимэглэл өлгөсөн модод цасан ширхэгийн будрахтай хоршин ямар үзэсгэлэнтэй харагдаж байсан гээч. Хоёр биенээ хайраар бялхсан харцаар шагнан,түнийхээ халаасанд гараа хийн тоглон алхаж явтал өөдөөс нэг л танидаг царай,гайхаж бахадсан харц. Бадрахыг хараад огтхон ч сандарч тэвдсэнгүй, мэндийн зөрөөтэй өнгөрдөг танилтайгаа таарсан мэт толгой дохин мэндчилээд нүдээрээ инээмсэглээд зөрлөө. Бадрахын намайг ширтэж байсан харцыг хараад л би түүнд хорсох биш баярлах хэрэгтэйгээ ойлгосон юм. Гэмшсэн, бахархсан, энэ залуугийн оронд би байх ёстой гэж харцаараа хэлж байсныг мэдэрсэн. Гэхдээ тэр үед …Түүний зөв байсан, бид ерөөсөө л тохирохгүй хүмүүс, тэр зөв шийдсэн. Харин би одоо хамгийн жаргалтай хүн гэж сэтгэлдээ шивнээд хайрт луугаа харахад урсгал дөлгөөн сайхан бор нүдээрээ над руу ширтэн хайртай гэж хэлж байхыг би харцнаас нь уншаад сэтгэл тэнүүн цааш алхаллаа.
everyday.mn