УИХ-ын гишүүн С.Жавхлан Эрдэнэт үйлдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрдэнэт үйлдвэртэй холбоотой төөрөгдөл их үүслээ. Үүнд хариулт өгөх үүднээс нээлттэй хэлэлцүүлэг хийгээд, нэг байшинд нүүр нүүрээ харж уулзаж чаддаггүй юм бол Үндэсний телевизээр ярилцлагад орооч гэсэн. Ингээд “Монголын мэдээ” телевизийн захирал Ч.Батцэнгэлд бичиг хүргүүлсэн юм. Үүний хариуд зөвшилцөөд цагаа тохирох хэмжээнд явж байтал МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь “Монголын мэдээ” телевизийн захирал Ч.Батцэнгэлийг ажлаас нь халсан байна.
МҮОНРТ-ийн MM сувгийн хэлэлцүүлгийн цаг гэж байдаг. Энэ сарын 18-ны 21:00 цагт миний хэлэлцүүлэг болно. Энэ бол ард түмэн үнэн зөв мэдээллийг авах хамгийн боломжтой цаг. Тиймээс энэ цагийг сонголоо. Энэ хэлэлцүүлгийг хөтөлбөртөө тусгаж өгөх хүсэлтийг МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарьт явуулсан.
Хэлэлцүүлэгт орох урилгыг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт хүргүүлсэн. Энэ байшинд хэн нь үнэн яриад байгаа нь мэдэгдэхгүй байна. Тийм учраас олон нийтийн телевизээр ярилцах хэрэгтэй.
Эрдэнэтийн талаар хамгийн их зүйлийг ярьж байгаа УИХ-ын дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар ирнэ гэдэгт итгэж байна. Энэ хэлэлцүүлэгт мөн холбогдох албаны хүмүүс буюу үйлдвэрийн захирлууд, хувьчлалд оролцсон хүмүүс ирэх хэрэгтэй. Түүнчлэн Монголбанкны ерөнхийлөгч асан Н. Золжаргалыг ирээсэй гэж хүсэж байна.
Ингээд 18-ны 21:00 цагт болзоо тогтооё. Үүнд түмэн олон анхаарлаа сайн хандуулаасай. Хэн нь ирж, хэн нь гэлбэлзэх нь вэ гэдгийг хараасай гэж хүсье” гэв. Мөн өмнөх Засгийн газрын албан тушаалтнуудыг хэлэлцүүлэгт ирэхийг хүсэж буйгаа илэрхийллээ.
Э.Золзаяа