Өмнөд Солонгосын Цагдаагийн газраас бизнес эрхлэгч Чуй Сүн Шил болон түүний хамсаатнуудад хийсэн мөрдөн байцаалтын урьдчилсан дүгнэлтийг олон нийтэд танилцуулсан байна.
Бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн хамсаатан гэгдэх хүмүүсийн тоонд Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн туслахаар ажиллаж байсан гурван хүн багтаж байгаа ба хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа юм.
Цагдаагийн газрын мэдээлснээр “Бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэргийг шалгаж байх явцад тэрээр урлаг, спортын салбарыг дэмжих сайн дурын “K-Sport” ба “Mir” нэртэй хоёр том санг санаачилсан.
Харин энэхүү санг байгуулан, их хэмжээний хандивын мөнгийг цуглуулахад Ерөнхийлөгч Пак Гын Хе болон түүний туслахууд гар бие оролцож, зарим компаниудад дарамт үзүүлсэн.
Тухайлбал: Ерөнхийлөгчийн туслахууд тэдгээр компанийн удирдлагуудтай биечлэн уулзаж, санд мөнгө хандивлахыг шаардаж байсан ба “Хэрвээ мөнгө хандивлахгүй бол цаашид компанийн үйл ажиллагааг дэмжихгүй” хэмээн сүрдүүлж байжээ.
Мөн Ерөнхийлөгч Пак Гын Хе өөрөө тус улсын нэгэн томоохон компанийн захиралтай уулзаж, долоон тэрбум вон хандивлахыг хүссэнийг нь баримтаар баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэрэгт Ерөнхийлөгч Пак Гын Хе биечлэн оролцсон учраас түүнийг “Гэмт хэрэгт сэжигтэн” хэмээн тооцож, цагдаагийн газар дуудан, түүнээс албадан мэдүүлэг авах ёстой.
Гэвч хуулийн дагуу Ерөнхийлөгчөөс албадан мэдүүлэг авах боломжгүй ч цагдаагийн газраас түүнийг бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэрэгт хэрхэн, яаж оролцсоныг үргэлжлүүлэн шалгах болно” хэмээн мэдээлсэн байна.
Харин Цагдаагийн газрын энэхүү мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газраас хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн бөгөөд Ерөнхийлөгчийг цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж мэдэгджээ. Юутай ч, Өмнөд Солонгос Улс Ерөнхийлөгчөө шалгахын тулд хуульдаа өөрчлөлт оруулахаар болж байх шиг байна.