Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулав

600x600

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгодог уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагнал гардуулах ёслол өнөөдөр болов.

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад шагнал хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигт “ Хүрээлэн буй байгаль орчинд удаан хугацаанд хуримтлагдан, улмаар хүн, амьтны бие организмд нөлөөлж янз бүрийн өвчин эмгэгийн шалтгаан болдог элементүүдийн байрлал, агууламжийг тодорхойлох, тэдгээрийн тархалтыг бууруулах технологийн арга шийдлийг олоход үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол орны хээрийн бүс нутаг, хотын цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөн дэх хлорт органик пестицид, полихлорт бифенил болон хүнд металлын тархалтын онцлог шинж” сэдэвт суурь судалгаа гүйцэтгэсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Отгонбаярын Хүрэлдаваа,

Хүний хэвлийн гол судасны цүлхэн өвчин үүсэх молекулын механизмыг тодорхойлсон судалгаа хийж остеопротегерин хэмээх уураг нь хэвлийн гол судасны цүлхэн өвчин үүсэхээс сэргийлдэг болох талаар анагаах ухааны салбарт шинэ нээлт хийсэн Япон улсын Хирошима их сургуулийн Биоанагаах ба Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн туслах профессор, доктор Батмөнхийн Бумдэлгэр,

Хэлний дотоод зүй тогтлын үүднээс буруу үүссэн үг, нэр томьёог илрүүлж, түүнийг хэрхэн засаж залруулах талаар оновчтой санал дэвшүүлэн, монгол хэлний үг бүтэх нийтлэг загварыг боловсруулсан “Орчин цагийн монгол хэлний үг бүтээх дагаврын байрлалын судалгаа” сэдэвт шилдэг бүтээл туурвисан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Жавзандуламын Ганбаатар нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ “Шилдэг залуу эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагналыг залуу эрдэмтдийн онцгой ажлыг үнэлэн сая гардууллаа.

“Монгол орны хээрийн бүс нутаг, хотын цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсний хлорт органик пестицид, полихлорт бифенил болон хүнд металлын тархалтын онцлог шинж” сэдэвт суурь судалгаа хийсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Отгонбаярын Хүрэлдаваа, Анагаах ухааны салбарт шинэ нээлт хийсэн Япон улсын Хирошима их сургуулийн Биоанагаах ба Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн туслах профессор, доктор Батмөнхийн Бумдэлгэр, Монгол хэлний үг бүтээх нийтлэг загварыг боловсруулсан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Жавзандуламын Ганбаатар нарт Монгол Улсын Ерөнхийлөгч нэрэмжит шагналаа хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал бол үлгэрлэм жишгийг тодорхойлох шагнал юм. Эдгээр залуу эрдэмтдийн гаргасан амжилт одоо Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын салбарт жишиг болж тогтох ёстой.

Шагналаар дамжуулан бүх залуу эрдэмтэн, судлаачдыг ийм амжилтад уриалан дуудаж байгаа хэрэг юм.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил бол хүн бүхний хийж чаддаг амар ажил биш. Улс орны хөгжил, дэвшлийн суурь нь эрдэм шинжилгээ, судалгаа байдаг.

Та бүхний Монгол Улсынхаа шинжлэх ухаан, боловсролын үйлсэд оруулж буй үнэтэй хувь нэмэрт талархахын чацуу цаашдын ажил хөдөлмөрийн дэвшил хөгжилд итгэж амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Баярыг тань хуваалцаж буй гэр бүл, хамт олон, найз нөхөд, хамтран ажиллагсдад сайн сайхан, эрүүл энхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөн өнөөдөр Шинжлэх ухааны ажилтны өдөр болж байна. Тийм учраас Монголынхоо нийт судлаачид, эрдэмтдэд энэ өдрийн мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Баярлалаа” гэлээ.

Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар оролцлоо.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …