Оройн 21 цаг… Сургуулийн хаалгаар ороход өдөржин олон оюутны хөлд дарагдаад одоо л нэг амсхийж буй мэт анир чимээгүй, нам гүм орчин угтан авлаа. Оройн анги тарчихсан эл хуль, жижүүр болон ганц нэг багш, ажилтан л харагдана. Сургуулийн арын тайлбайгаас дотогш харахад 205Б тоот л гэрэлтэй байх нь нүдэнд тод тусах аж. Шатаар дээш өгсөн гараад, гэрэл туссан хаалгыг татан ороход бизнес загварчлалын тэмцээнд оролцож буй оюутнууд оюун ухаанаа уралдуулан дараагийн шатандаа бэлтгэн сууна. Том дугуй ширээг тойрон таван оюутан суух бөгөөд уралдааны дараагийн шатандаа ямар санаа гаргаж оролцохоо хэлэлцэн сууна. Улс улсаас оролцож буй 10 багтай англи хэл дээр өрсөлдөж байгаа болохоор оюутнууд ядрахыг үл ажран мэрийсээр…
Олон улсын бизнес загварчлалын тэмцээнд Отгонтэнгэрийн оюутнууд багаараа амжилттай оролцож дэд байрыг эзлэн олон улсад Монголынхоо нэрийг гаргаж чадлаа. Оюутан нас гэдэг аливаа зүйлд багахан айдас тээж, том амжилтыг өвөртөлдөг гайхалтай, гал цогтой мартагдашгүй үе байдаг. Дэд байр эзэлсэн багийнхан анх тэмцээний эцсийн дүнгийн талаар ямар ч бодолгүй байсан хэдий ч шат ахих тусам улам чадваржиж, илүү их тэмүүлэлд хөтлөгдөн, амжилтаа ахиулсаар энэхүү өндөрлөгт хүрчээ. Их хайрханаар овоглосон чадварлаг залуус маань дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд оролцон, олон орны оюунлаг залуустай англи хэл дээр, тэр тусмаа мэргэжлийн түвшинд өрсөлдөж эх орон, сургуулийнхаа нэрийг дэлхийн тавцанд гаргасан байна. Энэхүү амжилтанд хүрэхийн тулд тэд үүрийн гэгээнээс үдшийн бүрий тасартал сууж, өгөгдсөн даалгавараа хамтран гүйцэтгэж, өөрсдийн мэдлэг, чадвараа дайчлан тэсвэр, тэвчээр гарган ажиллажээ. Тэмцээн энэ сарын 4-ний өдрөөс 26-ны өдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд нийт 8 үеийн турш тоглолт явагджээ.
“Тэмцээнд оролцоход хэцүү цаг үе их тулгарсан. Энэ үед бидэнд тусалж, зөвлөгөө өгч байсан Ганбат багшдаа үнэхээр их баярлаж байна” хэмээн тэд нүүр дүүрэн инээмсэглэн хэлж байлаа. Түүгээр ч зогсохгүй тэмцээний аль ч үед сургуулийн жижүүр, цэвэрлэгч, багш нар, удирдлагууд торох зүйлгүй тусалж дэмжиж байсанд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа тэд хэлж байсан юм. Бэрхшээлгүй, тэмцэлгүй уралдаан тэмцээн гэж байдаггүй дээ. Энэ тэмцээний үеэр тулгарч байсан бэрхшээл, түүнийг хэрхэн давж гарсан талаар оюутнуудаас тодрууллаа.
Санхүү 4б ангийн оюутан Э.Ганбаяр: “Тэмцээнд оролцоход англи хэлний хувьд асуудал тулгараагүй. Харин ганц асуудал нь цагийн зөрүү байсан. Яагаад гэвэл тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотын цагаар явсан”.
Олон улсын худалдааны менежментийн 4-р ангийн оюутан Н.Намуунтөгс: “Бидний хувьд хамгийн хэцүү үе нэгдүгээр шат байсан. Тэмцээнийг дараа өдрөөс нь эхэлнэ гэж бодоод амарч байтал гэнэт эхлэх болчихсон. Тэгээд бүгд гэр гэрээсээ тэмцээнээ эхлүүлж байсан. Дахин энэ мэт хүндрэлтэй асуудалтай тулгарахгүйн тулд сургууль дээрээ байрлаж тэмцээндээ оролцдог болсон”.
Санхүү 4б ангийн оюутан Э.Ундраа “Тэмцээний өгөгдөл бүрт багийн гишүүн бүр шинэ санаа гаргаж, бүгдээрээ хамтарч, тухайн мөч бүрт оновчтой шийдвэр гаргаж байсан нь дэд байр эзлэхэд хамгийн чухал нөлөө үзүүлж байсан. Тэмцээний явцад багаар ажиллах чадвар маань бидний давуу тал болж чадсан. Бусад дөрвөн гишүүнтэйгээ нэг баг болж энэ тэмцээнд оролцсондоо сэтгэл хангалуун байна”.
Санхүү 3-р ангийн оюутан Э.Энхзаяа “Зургадугаар үе хамгийн их сэтгэлд хоногшсон үе байсан. Дөрвөн цагийн дотор шийдлээ гаргахын тулд шөнийн 02:00 цаг хүртэл сургууль дээрээ суун ажиллаж байлаа. Хичнээн богинохон хугацаанд бэлдсэн ч гэсэн өрсөлдөгч багууд дундаас хамгийн ашигтай ажиллаж чадсан шүү”.
Тэмцээнд оролцсон багийн зөвлөх багш Э.Ганбат, ЭЗБУС-ийн захирал дэд профессор Л.Удвал нар оюутнуудаараа бахархан нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан суухтай тааралдаад “Шавийн эрдэм багшаас” гэдэг дээ хэмээн яриа өдөн дөхлөө.
ЭЗБУС-ийн захирал Л.Удвал “Манай оюутнууд энэ тэмцээнд маш амжилттай оролцлоо. Анхны удаа оролцож байгаа гэхэд өндөр амжилт үзүүлсэн гэж бодож байна. Нэгдүгээр байрт шалгарсан багаас 0,35 оноогоор дутаж хоёрдугаар байрт шалгарсан. Бидний хувьд энэ амжилт нэгдүгээр байранд орсоноос өөрцгүй” хэмээн сэтгэл хангалуун ярьж байлаа.
Тус тэмцээнд Арабын нэгдсэн Эмират, Монгол, ОХУ-ын 10 баг оролцсон. Тэмцээний эцсийн дүнгээр нэгдүгээр байрт Арабын нэгдсэн Эмират улсын Охидын коллежийн баг, хоёрдугаар байрт Отгонтэнгэр их сургуулийн баг, гуравдугаар байрт МУИС-ийн баг шалгарчээ.
“Өгөгдөл бүр хичээл дээр заасан зүйлс байсан. Тийм болохоор хичээлээр үзсэн онолын мэдлэгээ энэ тэмцээнээр практикт ашиглаж өгөгдөлүүдийг төвөггүйхэн гүйцэтгэж байсан. Анх тэс ондоо төсөөлөлтэй байсан болохоор өөрсдийгөө байранд шалгарна гэж бодоогүй. Харин эргээд бодоход өөрсдийгөө хэтэрхий дутуу үнэлсэн байна лээ” хэмээн тэд ярьж байлаа.
Тус тэмцээнд оюутнуудад зөвлөгөө өгөн ажилласан Э.Ганбат багш “ОТИС-ийн оюутнуудын баг ACBSP-ийн 8-р бүсийн ОУ-ын сургуулиудын дунд анх удаа зохион байгуулсан “Business Simulation” тэмцээнд дэд байр эзэллээ. ОТИС-ийн оюутнуудын гаргаж буй амжилт, цаашид ч улам өндрөөс өндөр байна гэдэгт итгэлтэй байна. Оюутнуудын маань шинэ санаа, бодлого тэмцээний туршид өндөр борлуулалттай ажиллаж байсан нь манай багийнхан хэр чадвартай байгааг харуулсан. Тус тэмцээнд оролцсон оюутнуудын маань амжилт хичээл заасан бүх багш нарын тэдэнд өгсөн мэдлэгийн нэгдэл байсан. Иймд ЭЗБУС-ийн бүх багш нартаа, оюутнуудаа үргэлж дэмжин, урам зоригоор тэтгэж байдаг Отгонтэнгэр их сургуулийн удирдлагууддаа, сурах орчин, нөхцлийг бүрдүүлж өгдөг ажилтнууддаа баярласан талархсанаа илэрхийлье”.
Ийнхүү ACBSP-ийн 8-р бүсийн ОУ-ын сургуулиудын дунд анх удаа зохион байгуулсан “Business Simulation” тэмцээнд амжилттай оролцсон оюутнууд Монгол Улсын дээд боловсрол дэлхийн жишигт нийцэж буйг харуулж чадлаа.
Бэлтгэсэн: Г.Даваамаа, М.Ихэрбаяр