Монгол хэл “утгаа алдаад” удаж байгаа. Хэн дуртай нь сурталчилгааны хуудас, олон нийтэд түгээх зүйл дээрээ буруу бичиж “гайхуулах” нь энүүхэнд. Одоогийн залуус Ардчиллалтай золгоод 26 жилийн нүүрийг үзэхдээ гадаад дотоод оронтой танилцаж, үр удмаа үлдээж байгаа нь олон. Мэдээж хүний амьдралыг хэн ч заахгүй болохоор тэдэнд “нөлөөлөх” эрхгүй.
Харин эрчимтэй эрлийзжих тэдгээр хүүхдүүдийг ихэнхдээ өсвөр насанд нь Монголыг нь танилцуулахаар ирнэ. Эсвэл эцэг эх нь эх орондоо амьдрахаар эргэн ирнэ. Сайшаалтай ч энэ бүхний цаана хүүхдээ Монголжуулж авах гэж маш их хөдөлмөр зарцуулна. Мэдээж хүүхэд нь Монголоор ярьж, бичиж чадахгүй учраас Монголд байх гадаад сургуульд сургана. Тэдний яриа, үзэл бодолд нь тааруулах гэсэн аятай Монгол хэлний утгагүй яриа, уран тансаг байдал өдөр ирэх тусам алдагдаж эхэлнэ. Энэ бол Хүнээ даган хэл эрлийзжиж байгаа хэлбэр гэмээр.
Олон газраар явж, олон юм үзсэн хүмүүс Монголоор ярих 10 үг тутамдаа 3-4 харь үг хавчуулж ярина. Үүнийг нь ярилцаж байгаа нөхөд ойлгоод нийгмийн харилцаанд ороод байгаа хэрэг. Харин үүнээс үүдэлтэй үгийг үгээр орлуулах нь алсдаа Монгол үг устаж үгүй болохын эхлэл. Энэ мэт амьдралын хэв маягаас хамааралтай хэлний соёлын довтолгоонд өөрийн эрхгүй бид орж байна.
Эх хэлээрээ бичиж чадахгүй хэрнээ дэлхийн хэлээр алдаагүй бичиж байх жишээний. Ийм байдал удаан үргэлжлэвэл бидний дархлааны гурав гэгддэг “Хил,Хэл,Мал”-ын нэг нь устаж үгүй болоход ойрхон байна.
Харь хэлийг сургууль, цэцэрлэг, шат шатны боловсролд хэл үзэх нь зөв ч гэлээ эх хэлээ хэн хамгийн сайн ашиглаж, арчилж, амьдралд хэрэгжүүлж байгаагаар нь үнэлдэг байвал ямар вэ?
Монгол хэлийг тансаг хэрэглэх нь дэндүү “гангарах” хэрэг гэдгийг ойлгуулах үндэсний хөтөлбөр гаргах шаардлагатай болоод байх шиг.
Иргэдийнхээ дунд Монгол Үндэстний хэлээр хэн хамгийн утга төгөлдөр захиа бичих вэ зэрэг уралдаан тэмцээнүүдийг зарлаж нэг үгийг ч гэсэн ирээдүйдээ тэрлүүлж үлдээхийг зорьцгооё.
Б.Саран